Сэтгэгдэл 0
ХЗБХ, ХХНББХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороод өнөөдөр (2025.12.30) хамтран хуралдаж, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Г.Дамдинням, Б.Найдалаа, П.Сайнзориг, М.Сарнай, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, М.Энхцэцэг, А.Ариунзаяа, Э.Батшугар, Ж.Галбадрах, С.Зулпхар, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Л.Энхнасан, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Д.Мөнхсайхан, Д.Рэгдэл, О.Саранчулуун, Х.Тэмүүжин, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нар хүрэлцэн ирснээр 54.5 хувийн ирцтэй хуралдав. Хамтарсан хуралдааныг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа даргалан явууллаа.
Засгийн газрын тайланд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт 70 хувийн хэрэгжилттэй буюу үр дүнтэй, хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, залуу малчдын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 30 хувь буюу үр дүнгүй, статистик, дүн шинжилгээ мэдээлэл, судалгаа 50 хувьтай буюу үр дүн хүлээгдэж байгаа гэсэн үнэлгээтэйгээр боловсруулсан байна. Бүхэлдээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 55 хувь буюу зарим ахиц дэвшил гарсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Иймд цаашид үр дүнд суурилсан төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх туршлага, чадавхыг бүх түвшинд нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг ахиулах, бүх талын оролцоо, манлайлал, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж буйг сайд С.Бямбацогт танилцуулав. Үүний тулд Засгийн газраас жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлтийн эрх зүй бодлогын орчны дэмжлэгийг ахиулах, үндэсний тогтолцооны тогтвортой байдал, чадавх, мэдлэг болон хамтын ажиллагааг сайжруулах, бодлогын чиглэл, арга хэмжээг илүү үр нөлөөтэй төлөвлөх, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх стратегийг баримтлан ажиллахаар төлөвлөжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.