Сэтгэгдэл 0

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 10.53 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусайлан заасан хугацаатай тайлан, илтгэл, мэдээллийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх Байнгын хороогоор хэлэлцэхээр цаглаварт тусгасан байна.
Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах; хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх; төсвийн биелэлтийг хянан шалгах; хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэлийг цаглаварт багтаажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн асуудалд тусгуулахаар санал ирүүлсэн байна.
Улсын Их Хурлын Байнгын хороодоос:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо-2;
- Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо-1;
- Төрийн байгуулалтын байнгын хороо-5;
- Төсвийн байнгын хороо-2;
- Хууль зүйн байнгын хороо-6;
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо-4;
- Эдийн засгийн байнгын хороо-3 санал тус тус ирүүлсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ес зүйн дэд хорооны даргаар сонгох тухай УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багшмэргэжлээр суралцаж, 1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр, 2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Дараа нь Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Засгийн газрын гишүүнээр томилогдсон, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан дээрх асуудлыг хэлэлцэж буйг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.