Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

40 мин өмнө

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд үдээс өмнө Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлаар санал хураалт явуулав.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.8 хувь, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.4 хувь, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 59.6, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.7 хувь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.4 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 59.6 хувь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 53.9 хувь, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 59.6 хувь, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 59.6 хувь, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 61.8 хувь нь тус тус дэмжлээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллэв.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой уялдуулан бусад нам, эвслийн бүлэгтэй зөвшилцсөний үндсэн дээр ирүүлсэн “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Дамдинням, З.Мэндсайхан нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Х.Ганхуягийг Өргөдлийн болон Төсвийн байнгын хорооны, М.Бадамсүрэн, О.Саранчулуун нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Учрал, Б.Энхбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнэ, Б.Тулга нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, О.Саранчулууныг Өргөдлийн байнгын хорооны, Ж.Батжаргал, Н.Учрал нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Б.Тулга нарыг Хууль зүйн байнгын хорооны, Л.Энх-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллуулахаар заажээ. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.2 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дарга Н.Учрал эцсийн найруулгыг уншиж сонсголоо.

Үүний дараа Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 25-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасныг дурдаад, улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм.

Улс орны нийгэм, эдийн  засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонныг импортлон хэрэглэж байсан бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2.3 сая тонныг импортлоод байгаа ажээ. Ард иргэдийн өргөн хэрэглэдэг АИ92 авто бензиний хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 000 тонн байсан бол 2025 онд 80 000 тоннд хүрч өссөн ч ОХУ-ын Роснефть компаниас гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.долларын тогтмол үнээр нийлүүлж буй энгийн АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 000 тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй болсныг сайд Г.Дамдинням мэдээлэв. Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 000 тоннд хүрээд байгаа ажээ. Иймд дутагдаж буй 20 000 орчим тонн АИ92 авто бензин, 25 000 орчим тонн дизель түлшийг бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас худалдан авахаас аргагүй болоод байна гэж тэрбээр танилцууллаа.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч бол ОХУ. Тус улсын Засгийн газар болон нийлүүлэгч компаниуд дотоодынхоо зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлттэй холбоотойгоор экспортыг хязгаарлах, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажил зэргээс шалтгаалан нийлүүлэлтийг бууруулах зэрэг арга хэмжээг авсаар ирсэн нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг бий болгосоор ирснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд илтгэлдээ онцолж, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, улсын хэмжээнд 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, уг нөөцийг бүрдүүлж хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох түлш, шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох шаардлага зүй ёсоор тулгарч байгааг дурдав.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл хууль батлагдсанаар гарах үр дүн болон дотоодод үүсээд байгаа шатахууны хомсдол, тасалдлын нөхцөл, шалтгаан, хариуцсан яам энэ талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд хуулийн төсөлд тухайлсан хуулийн этгээдийн үнэт цаасыг худалдаж авах, баталгаа гаргах зэрэг Монголбанкны үйл ажиллагаанд хориглосон санхүүжилтийн арга хэмжээ авахаар тусгасан нь зохистой, эсэх талаар, мөн санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн дүн нь тодорхой бус, Засгийн газар, Төв банканд өрийн дарамт үүсгэхээр байгаад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хууль батлагдсанаар гарах үр дүн, үүсээд байгаа шатахууны хомсдол, тасалдлыг ямар хугацаанд шийдвэрлэх, аймаг, орон нутагт нөхцөл байдал харилцан адилгүй байгаагийн шалтгаан нөхцөлийн талаар асууж хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Б.Пунсалмаа, Б.Жаргалан нар асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд шатахууны 3-6 сарын нөөцийг агуулах сав бэлтгэхэд ямар хугацаа, хөрөнгө санхүүжилт орох, нэмж бэлтгэх савны хэдэн хувь нь хувийн хэвшилд оногдох, БНЭУ-ын зээлээр барьж байгуулж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” ямар хугацаанд ашиглалтад орох зэргийг асууж, хариулт авав. Түүний асуултад хариулахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны 3-6 сарын нөөцийг бүрдүүлэх хэмжээнд савныхаа хүчин чадлыг хүргэнэ гэвэл 3.0 их наяд орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэлээ. Батлах хамгаалах салбарыг эс тооцвол төрийн эзэмшлийн нөөцийн сав байхгүй гэдгийг тэрбээр тодотгож, савныхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зээл өгч, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг болохыг тайлбарлаад, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны эхний хагас жилд багтаан дуусгана гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн гэх нэр томъёоны талаар тодруулан асууж, шатахууны хомсдол, тасалдал нь авто бензин, дизель түлшний үнийг зохицуулалттай, хямдралтайгаар шийдвэрлэж ирснээс үүдэлтэй гэж үзэж байгаагаа, мөн ОХУ-ын Роснефть компанитай хийсэн гэрээ 2028 онд дуусах тул цаашид зах зээлийн үнийг баримтлах, онцын шаардлагагүй нөхцөлд Монголбанкны бие даасан байдалд халдахгүй байх нь зүйтэй гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нөөцийн савнууд төрийн гэсэн статустай явах эсэхийг асууж, төрийн өмчийг акталж хувьчлах маягаар ууршуулж алга болгодгийг анхааруулж, үнийн хямд дээр нөөц бүрдүүлэхийг зөвлөн, баруун бүсийн аймгуудын шатахууны хангалтанд анхаарч ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шатахууны нөөцийн савыг урьд өмнө яагаад бэлдээгүйг асууж, газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгө олгохоор заасан нь хуулийн гол үзэл баримтлалтай нийцэхгүй байгааг анхааруулсан юм. Мөн тэрбээр шатахууны хангамж, нөөцлөх хүчин чадлын асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх тухайд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой санал нэг байгаагаа хэлээд одоо байгаа ганцхан сарын нөөц хадгалах саваа 2-3 сарын хэрэглээг даах хүчин чадалтай болгоход чиглэсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа ОХУ-аас орж ирэх шатахууны хангамж, нийлүүлэлт удааширч байгаа үед хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийнхээ хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй гээд, Замын-Үүд боомтын ачих, буулгах хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увсын боомтуудыг байнгын ажиллагаатай болгох шаардлагатайг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Засгийн газраас асуудлыг аль болох яаралтай горимоор оруулж ирэхгүй байх, гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг заавал Улсын Их Хурлаар батлуулж, хариуцлагаас зугтахгүй байхыг зөвлөж, Төв банкны эрх хэмжээнд халдахгүй байх тухай өмнө үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүдтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэн, импортын түлшнээс хараат байдлаа эцэс болгох шаардлагатайг санууллаа.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна
ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
БЯ: Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
БЯ: Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ
Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна
Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа
Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэл нэгдүгээр эгнээг чөлөөлж байна
СБД: Би Ай Би Дисковери Энержи ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурав
Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээнд дэгдэлт” -ийн түвшинд байна
С. Энхболд: Хүүхдүүдэд томуугийн А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар зонхилон тохиолдож байна
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ
Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он