Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

12 цаг 7 минут
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) хуралдаан Улсын Их Хурлын 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд гишүүдийн ирцтэй холбоотой тодруулга хийж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлж, энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам” хэмээх 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “…Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ…” гэж заасныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан. Үргэлжлүүлэн тэрбээр “Өөрөөр хэлбэл, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09.00 цагт эхэлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэсэн. Пүрэв гарагийн  09.00 цагт эхэлсэн бүртгэл өнөөдрийн буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 13 минутад ирц бүрдлээ. Энэ нь  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулльтай зөрчилдсөн зүйл байхгүй” хэмээн тайлбарлалаа. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.
Эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын нэр бүхий 54 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурав хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 10, 16-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна…” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг … Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна…” гэж заасан болохыг дурдсан гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо хэмээн албан ёсоор мэдэгдэн, Засгийн газрын болон өөрийн албан ёсны цахим хуудаснаа уг мэдээллийг нийтэлсэн болохыг П.Сайнзориг гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй гэжээ.


А.Ариунзаяа гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтийн үргэлжлүүлэн танилцуулахдаа “Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө Улсын Их Хуралд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэсэн. Үндсэн хууль аливаа хуулийн үг, өгүүлбэр төдийгүй цэг, таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай. Үндсэн хуулийг жижгээр зөрчих томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд баримталж ажиллах ёстой. Гэтэл Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилан танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал бөгөөд үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн төрийн өндөр албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “ … гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэснийг, Дөчин есдүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчин, бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил, үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай, Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, хүн биш хууль засагладаг байх манай нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний ¼-ийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ. Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөхийн зэрэгцээ улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчин Засгийн газар тогтоол баталсан гэсэн тодорхой гурван шалтгааныг огцруулах үндэслэл болгожээ” хэмээв.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурдсаныг А.Ариунзаяа гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, О.Саранчулуун, Б.Уянга, Э.Болормаа, М.Мандхай, О.Батнайрамдал, Б.Тулга, Д.Ганмаа, Б.Тэмүүлэн, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Р.Батболд, О.Цогтгэрэл нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн талаар холбогдох тайлбарыг өгч, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар илээр санал хураалт явуулах зохицуулалтыг танилцуулсан. Ингээд ил санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 111 гишүүний 71 нь дэмжсэнгүй.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн олонх нь дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тус тогтоолын төслийг уншиж, эцсийн найруулгыг танилцууллаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахаар тогтоолд заажээ. Түүнчлэн шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Гомбожавын Занданшатарт даалгахаар тогтоолд тусгасан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр юм байна.
Ийнхүү “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Люксембургийн Их Гүнт Улсаас эрүүл мэндийн салбарт 22.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ
“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу залилуулжээ
Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой” болсныг зарлалаа
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
Нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ
Люксембургийн Их Гүнт Улсаас эрүүл мэндийн салбарт 22.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав
ТББХ: УИХ-ын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн барилгыг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийн талаар зөвлөлдлөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он