Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын талаар харилцан санал солилцлоо.
Мөн Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааг БНХАУ-ын талтай хамтран амжилттай зохион байгуулж, улмаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулах хүртэлх энэ бүх олон шат дамжлагатай албан ажилд Монгол Улсад суугаа ЭСЯ болон Элчин сайд Шэнь Миньжуаны зүгээс хичээл зүтгэл гарган биднийг дэмжиж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ.
Зам, тээврийн яамнаас 2025 оны 06 сарын 24-ны өдөр Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа тул энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү хэмээн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуаньд урилгыг нь албан ёсоор гардуулан өглөө.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань “Монгол Улсын шинэ Засгийн газарт таныг Зам, тээврийн сайдаар үргэлжлүүлэн ажиллах болсонд баяр хүргэе. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэж хамтын ажиллагааны хүрээнд стратегийн чухал ач холбогдолтой том төсөл урашилж, хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил бодитоор хэрэгжиж эхэлсэнд баяртай байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж, салбар бүрт тэр дундаа зам тээвэр, дэд бүтэц, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгаагийн тод илэрхийлэл юм” гээд цаашид хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай дэмжиж ажиллахаа онцолсон юм.
Мөн тэрбээр энэхүү хил холболтын төмөр замын төслийн ажил амжилттай хэрэгжвэл бусад боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтуудыг төмөр замаар шат дараатай холбох ажлыг бас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Харин Монгол Улсын зүгээс зам, тээврийн салбар болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хилийн боомтуудыг төмөр зам, авто замаар холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхдээ зарим боомтууд дээр ачаа тээврийн урсгал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд давхар анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Уулзалтын төгсгөлд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаанд албан ёсоор биечлэн оролцохоо илэрхийллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.