Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцээрийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа.
Монгол, Япон хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь айлчлал солилцоо, цэргийн сургалт, бэлтгэл, хуурай замын цэрэг, агаарын цэрэг хоорондын хамтын ажиллагаа, инженерийн цэрэг болон цэргийн эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, дадлагад оролцох зэрэг өргөн хүрээтэй хөгжиж ирснийг сайд танилцуулгынхаа эхэнд онцолсон.
Тэрбээр танилцуулгадаа, Хоёр улсын Засгийн газар хооронд 2015 онд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаварыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”, Батлан хамгаалах яамд хооронд 2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулж, 2024 оны 02 дугаар сард Батлан хамгаалахын сайдын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр уг санамж бичгийн шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчалын үеэр байгуулсан “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудал тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 03 дугаар сард Гадаад харилцааны яамнаас чиглэл авч, хоёр талын ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Хоёр талын ажлын хэсгийн бэлтгэл уулзалтыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулсан ба хэлэлцээрийн албан ёсны зөвшилцлийг эхэлж, талууд 2024 оны 2, 3, 5, 6, 7 дугаар саруудад хэлэлцээрийн төслийг харилцан солилцсон. Хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин цахимаар зохион байгуулж, хэлэлцээрийн төслийн агуулгыг эцэслэн тохиролцсон.
Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон.
Уг Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдаж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай орны тоо нэмэгдэж, Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэн авах, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой юм гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Наранбаяр, С.Эрдэнэболд, Н.Батсүмбэрэл ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Н.Батсүмбэрэл нар хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж байгаа гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл авах, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн албан хаагчид амжилттай оролцож байгаа талаар дурдаж, хэлэлцээрийн хүрээнд авах техник, тоног төхөөрөмж нь цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцэх эсэх, энэ талаар тодорхой мэдээллийг Батлан хамгаалах яамнаас танилцуулж байх талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.