НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчтэй уулзав

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 7 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай уулзав.
Уулзалтын үеэр Дээд төлөөлөгч Рабаб Фатима НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй зэрэг тусгай хэрэгцээт орнуудын сонирхлыг хамгаалах, тэдний хөгжлийг дэмжих чиглэлд Монгол Улс идэвхтэй ажиллаж, ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.
Түүнчлэн уулзалтаар талууд НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн хүрээнд хамтран ажиллах, 2024 оны 12 дугаар сард Ботсвана Улсын нийслэл Габороне хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангах болон Улаанбаатар хотод төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжих зэрэг цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс Нью-Йорк дахь ДГХБО-ын Бүлгийн дэд дарга, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын хороог Австри Улстай хамтран даргалж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.