Сэтгэгдэл 0

Чуулган хуралдаж чадалгүй хоёр долоо хонож байна. УИХ-ын дарга болж л байвал МАН-ын намаасаа ч татгалзахад бэлэн байсан С.Бямбацогтын ажилд ямар дүн тавихыг харуулсан үйл явдал гэсэн үг. Уг нь түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн магадлалтай хүмүүсийн нэг гэх хүн олон. Гэтэл өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганыг ч ирц бүрдүүлээд удирдаж чадахгүй байгаагаас харахад түүний чадамж үнэхээр сул юм байна.
Төсвийн хэлэлцүүлгээс АН гурав хоногийн завсарлага хүслээ. Хэд ч хоног байсан хамаагүй хүссэн хэмжээгээр нь завсарлага өгөөд сууж байдаг УИХ-ын дарга өмнө нь байгаагүй. Нэг өдөр, хэдэн цагийн завсарлага бол яая гэхсэн. Эргээд санаж байвал УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд, З.Энхболд нар сөрөг хүчин завсарлага нэхэхэд хэдэн цагийн завсарлага л өгдөг байв. Тэднийг “азаргаллаа”, “дарангуйллаа” гэж шүүмжилдэг байсан ч улс орны ажил урагшилдаг байлаа.
Г.Занданшатар УИХ-ыг удирдаж байх үед 20 жил гацаад байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт асуудал урагшилж бүр хоёр ч удаа өөрчлөлт хийсэн юмдаг. Түүний үрээр өнөөдөр Ерөнхий сайд танхимаа өөрийнхөөрөө байгуулах эрхтэй болсон.
Тэгвэл С.Бямбацогтын үлдээх легаси юу байх вэ. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед улсын төсвөө хэлэлцэх нь нэн тэргүүний ажил нь юм. Ийм үед хоног хугацааг зүгээр алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Хэрэв төсөвт алдаа байгаад түүнийг нь сөрөг хүчин эсэргүүцэж байвал УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг томилж засуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийнхээ тал аяыг хараад сууж байхын оронд улс төрийн намуудын бүлгийн дарга нарыг өрөөндөө цуглуулаад ярилцах ёстой биш юм уу.
Намынхаа хагарал улстөржилтийг ч, сөрөг хүчний улс төрийн акцыг ч зохицуулж чадахгүй, хурал хойшлуулахаас өөр зүйлгүй байгаа нь чадамжгүйн илэрхийлэл биш гэж үү. УИХ-ыг ийм сул, санаачилгагүй удирдаж байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг ч юу л бол доо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.