Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав

2026/09/14

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой 2026 оны 09-р сарын 13-нд тохиолоо.

Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Очирхүү удирдан явуулсан юм. Тэрбээр, Улсын Бага Хурлын гишүүд төрийн онол, эрх зүй, философи, ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүй болон бусад чиглэлээр олон арван ном гаргасан туурвилч, бүтээлч хүмүүс байдгийг танилцуулж, өөрсдийн тулгыг нь тулж эхлүүлсэн ардчилал, парламентат ёсны хөгжил, төлөвшлийн талаар санаа тавьж явдгийг онцлон хэлэв.

Ном хандивлах ёслолд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан, Чингис хаан одонт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Гончигдорж, Монгол Улсын Гавьяат хуульч, академич, Төрийн шагналт Д.Лүндээжанцан тэргүүтэй Улсын Бага Хурлын 20 орчим гишүүн оролцож, бүтээл, туурвилынхаа дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулсан юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын Гавьяат хуульч Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”, “Түүхэн эрхмүүдийн товчоон”, “Түүхэн парламент Түгээмэл товчоон” номуудыг хандивлав. Тэрбээр энэ үеэр, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үйл явдал бол Монгол төр, түүний эрх зүйн чухал зангилаа хэрэг асуудал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан түүхэн чухал хэрэг явдал гэдгийг энэ үеэр онцлон дурдаж, мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн эрх зүй”, “Эрх зүйн философи”, “1945 оны чөлөөлөх дайн”, “Монгол хаадын захидал, Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн уламжлал”, “Хуульт ёс”, “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь: Анхдугаар үндсэн хууль 1921-1924” зэрэг номуудаа хандивласны зэрэгцээ “Шихихутаг” дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилуудаас Үндэсний номын сангийн сан хөмрөгт оруулав. Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга асан, Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид агсны нэрэмжит санг үүсгэн байгуулагч, түүний охин, Үндсэн хууль судлаач Ч.Сайнсанаа тус сангаас эрхлэн гаргасан ном, бүтээлүүдийн дээжээс хандивлав. Тэрбээр Б.Чимид агсны 1980-аад онд туурвиж, үе үеийн хуульч, эрх зүйчдийг бэлтгэсэн алдарт “цагаан ном” буюу “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын захиррааны эрх зүй” номыг дахин гаргаснаа гардуулж, аавынхаа “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй”, “Үндсэн хуулийн эрх зүй”, “Төрийн засах ёс” зэрэг номуудыг гардууллаа. Мөн Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн бичсэн “Үндсэн хуулийн эхийг баригч”, Чимид сангаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар” нэвтэрхий толь зэрэг бүтээлийг хүлээлгэн өгөв.

Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор, профессор Ж.Бямбадорж, Х.Пүрэвдагва, Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, Д.Дорлигжав нар өөр өөрсдийн болон хамтын, мөн орчуулгын бүтээлүүдийг хандивласан бол Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бөгөөд Зохион байгуулалтын хэлтсийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, Улсын Бага Хурлын даргын туслахаар ажиллаж байсан, судлаач Г.Чулуун нар ном бүтээлүүдийнхээ дээжээс өргөн барилаа.

Байнгын ажиллагаатай парламентын анхдагчид дараа нь “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхоод, “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар удирдан явууллаа.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн хөгжлийн ололт, сургамжийг дүгнэж, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, иргэдийн оролцоо, төлөөлөх чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн эрдэм шижилгээний хуралд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Туяагэрэл нар Монголын парламентын төлөвшил, ил тод байдал болон ардчилсан нийгмийн амин сүнс нь парламентын нээлттэй байдал болох тухай үндсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлээ.

Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж илтгэлдээ анхны парламентын үйл ажиллагаа асар их ачаалалтай байсныг дурдаж, гишүүдийн сахилга, хариуцлага өндөр, үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үнэн сэтгэлээсээ зүтгэхийн зэрэгцээ хоорондоо хүнлэг сайхан харилцдаг, хууль батлах, төрийн бодлого тодорхойлоход эсэргүүцэх, попрох хандлагаар бус уг баримт бичгийг улам сайжруулах, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулдаг байсан гэдгийг онцолсон юм. Тэрбээр өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлагатай, төрийн албаны ёс зүйг чанд сахин, асуудлыг шийдвэрлэхдээ судалгаа, тооцоонд үндэслэн мэргэжлийн ажиллахыг зөвлөж, Монгол Улсын Үндсэн хуульд зайлшгүй нэмж оруулах саналууд, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай зарим санааг дурдав.

Эрдэм шинжилгээний хурлыг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ академич Р.Гончигдорж, парламент нээлттэй байх тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулиар тогтоосон Засгийн эрхийг барих ард түмний эрх, Улсын Их Хурлын төлөөлөл хэрэгжүүлэх арга зүй зэрэг олон асуудлыг уялдаатайгаар гүнзгийрүүлэн авч үзэх шаардлагатайг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он