
Монгол Улсын Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барилаа. Тодотголоор нийт 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг төсвийн зарим зардлыг бууруулах замаар бүрдүүлж, цалин, тэтгэвэр, хүнс, шатахууны нөөц, эрчим хүч, боловсролын салбарт зарцуулахаар тусгажээ.
Тодруулбал, сайд нарын багцын урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг тус тус хэмнэхээр тооцсон байна.
Хэмнэсэн эх үүсвэрээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг арваннэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлэхэд 166.3 тэрбум төгрөг зарцуулна.
Мөн 435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд 196.3 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөжээ.
Хүнсний болон шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ багтаж байна.
Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй байхад 107.3 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгажээ.
Боловсролын салбарт нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг хуваарилахаар болсон байна.
Түүнчлэн 97 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход 674.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголын төслийг УИХ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.