Сэтгэгдэл 0
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийннэгдсэн хуралдаан 10:10 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийгБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хуваарилсныг танилцуулав.
Тогтооллын төслийг яаралтайгаар хэлэлцэнэ
Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр орой Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын дархан цаазат газарт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордуудыг тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулж, яаралтайгаар хэлэлцэхийг дэмжих, эсэх санал хураалтыг явуулав. Санал хураалтад 89 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, 77.5 хувийн саналаар тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцэхээр боллоо. Иймд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хороонд шилжүүлэв.
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо
Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг явуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар санал хураалт явууллаа. Жамьянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгохыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Гунгаагийн Баясгаланг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.
Хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсгээс боловсруулсан Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг нь хийсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулав. Чуулгын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Гэр бүлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул санал хураалтыг 16:00 цагт явуулахаар хойшлуулав.
Дээрх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хүний эрх, эрх чөлөөг хангах талаар зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Өнгөрөгч 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явуулав.
Санал хураалтыг мөн 16:00 цагт явуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.