“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс завсарлага авав
Улсын Их Хурлын 2026 оны 06-р сарын 25-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав.
Монгол Улсын сая орчим өрхийн 1/3 орчим нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцад, үлдсэн хэсэг нь стандартын шаардлага бүрэн хангаагүй сууцад амьдарч байгаа гэлээ. Агаар, хөрсний бохирдлын дийлэнх эх үүсвэр эдгээр бүсээс шалтгаалж байгаа нь орон сууцжуулалтын бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагын илэрхийлэл хэмээлээ. Өнгөрсөн хугацаанд төрөөс орон сууцын ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр, төрийн орон сууцын хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, аймаг бүрд 1000 айлын орон сууц зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч 2016 оноос хойш төрийн өмчийн түрээсийн орон сууцын санд 1512 айлын орон сууцыг бүрдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулаад байгаа гэв. Өрхийн орлогын судалгаагаар нийт өрхийн тал орчим хувь нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх бага болон дунд орлоготой, залуу өрхүүдийн хувьд орон сууцад хамрагдах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь төрийн өмчийн орон сууцын санг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байгаа хэмээсэн. Үүний зэрэгцээ орон сууцын үнэ жил бүр инфляцын түвшнээс давсан буюу дунджаар 15 орчим хувиар өсөж байгаа ч өрхийн орлого 11-13 хувиар өсөж байгаа нь цаашид иргэдийн худалдан авах чадвар улам бүр буурах эрсдэл дагуулахаар байгаа аж.
Улсын хэмжээнд жилд дунджаар 20 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа ч орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд газар хөгжүүлэлт инженерийн дэд бүтцийг хүртээмж дутагдалтай байгаа нь орон сууцын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал болж байна гэв. Дэд бүтэцгүй газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүсэн болохыг Э.Бат-Амгалан сайд танилцууллаа.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа аж. Иймээс орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлах бус газар хөгжүүлэлт, дэд бүтэц, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс орон сууцын төслүүдийг бодлогоор дэмжиж зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах юм байна. Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулж, орон сууцын эрэлт, нийлүүлэлтийг уялдуулж цогцоор нь шийдвэрлэх аж. Гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжихээс гадна урт хугацаанд иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэнэ хэмээлээ.
Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслүүдийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан хэлэлцэж буй хуулийн төслийн үзэл баримтлалын талаар бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг хэлээд, ажлын таван өдрийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн.
Иймд дараагийн асуудал буюу Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 11 их наяд төгрөгөөс давсан санхүүжилт олгож, 144 мянга гаруй өрхийг орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлсэн хэдий ч гэр хорооллын бүсийн хэмжээ дорвитой буураагүй гэлээ. Мөн орон сууцын үнэ жил бүр инфляцын түвшнээс давсан буюу 15 орчим хувиар өссөөр байгаа нь орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаагийн илрэл хэмээсэн. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 онд эхэлснээс хойш нийт олгогдсон санхүүжилтийн 24 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөгийн зээл хөдөө орон нутагт олгогдсон байна.
Орон сууцын санхүүжилтийн төрөлжсөн банкнаас санал болгох зээлийн бүтээгдэхүүний хувьд хөнгөлөлттэй буюу 6 хувийн зээлийг орон нутагт олгох, мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт байр худалдан авч буй иргэдэд зах зээлийн нөхцөлөөс хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох зохицуулалтууд тусгасан нь орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, дэд төвүүдийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд жил дунджаар 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкнуудад ирж байжээ. Гэвч 9.5 мянган хүсэлтийг шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 47 гаруй мянга хүсэлт хуримтлагдаж, 6,7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсээд байгааг Э.Бат-Амгалан сайд танилцуулав. Засгийн газраас ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай 2023 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын орон сууцын бодлогыг шинэчлэх ажлын хүрээнд орон сууцны санхүүжилт, татаас болон институцийн тогтолцоонд цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцолсон. Үүний хүрээнд Дэлхийн банкнаас орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замын зураглалыг гаргаж, хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлж, санхүүжилтийн төрөлжсөн бүтээгдэхүүн болон иргэдийн худалдан авах чадварт нийцсэн үнэтэй орон сууцын шийдвэр, шийдлүүдийг хөгжүүлэх суурь бодлогын арга хэмжээнүүдийг санал болгосныг энэхүү хуулийн төсөл боловсруулах суурь судалгаанд ашигласан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих аж. Орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэж, төрийн санхүүгийн ачаалал бууран, хөрөнгийн зах зээл хөгжиж, санхүүжилт нэмэгдэх ач холбогдолтой аж.
Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хуулийн төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байгааг дурдав. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явуулахад гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тус бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг дурдаад, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс ажлын гурван өдрийн завсарлага хүсэхэд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн юм.
Нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшингийн гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсныг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүллээ. Гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух, мөн Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаар байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар товлоод, дараагийн асуудлыг хэлэлцэв.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.
Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүн хамрагдсан нь тодорхой эрсдэлийг бий болгож байгааг сайд дурдсан. Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тариф “0” хувь болсноор импортын өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд энэ нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна гаалийн албан татварын орлого буурч, улсын төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй гэв.
Иймд Улсын Их Хурлаас хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотой төсөв, татвар, нийгэм, эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь гаалийн тариф тэглэснээс үүдэн тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэ буурах нөлөөллийг сааруулах, хэрэглээг татварын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, улсын төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахад оршиж байгааг З.Мэндсайхан сайд танилцуулав.
Өнөөгийн байдлаар тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгжид суурилсан хэлбэрээр ногдуулж байгаа юм. Харин хуулийн төсөлд одоо мөрдөж буй зохицуулалтаас гадна импортын тамхи, тамхин бүтээгдэхүүнд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээний онцгой албан татвар ногдуулах буюу биет нэгж болон үнийн дүнд суурилсан хосолсон татварын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусгажээ.
Импортын гаалийн тариф тэглэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн үнэ огцом буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдэлийг бууруулж, гаалийн албан татварын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж бүрдэх аж.
Мөн хуулийн төслийн хамт “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Д.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Сангийн сайдын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Б.Жаргалан, О.Номинчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Худалдааны тэгш байдлыг хангах зорилгоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд, яаралтай хэлэлцүүлж байгааг дэмжиж буйгаа Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн.
Хосолсон онцгой албан татвар ногдуулж байгаа арга хэлбэрүүдийн талаарх Б.Түвшин гишүүний асуултад Сангийн сайд хариулт өгөв. Жишээлбэл, суудлын автомашины моторын хэмжээ болон үнийн дүнгээс нь татвар авах зэргээр хосолсон ийм онцгой албан татварыг 63 улсын хэрэглэдэг, манайх ч хэрэглэж байгаа гэлээ. Тамхины тухайд 30 хувийн онцгой албан татвар авна, мөн ширхэг бүрээс 836 төгрөг, задгай тамхины кг тутмаас 3130 төгрөгийн татвар авах аж. Монгол Улс 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн бөгөөд үүнд нийцүүлэн татварыг өсгөх замаар тамхины хэрэглээг бууруулна бодлогыг хэрэгжүүлж байгаагаа Сангийн сайд тайлбарлав. Б.Түвшин гишүүн, никотин нь гаа, бохь зэрэг бусад хэлбэрээр зах зээлд худалдаалагдаж байгаа учраас тамхи гэлтгүй, никотины агууламжаас хамаарч татвар ногдуулах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлж байв. Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй хууль, тогтоолын төслийн боловсруулалтад анхаарах, бодлогын баримт бичгүүд болон хууль тогтоомжийн нийцлийг хангах шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн хэлээд, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтныг тодруулж, хариуцлага тооцох шаардлагатай гэдэг саналыг хэлж байсан. Татварыг бууруулахыг иргэд хүсэн хүлээж байгаа ч нийтийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө архи, тамхины татварыг бууруулж болохгүй гэдэг байр суурийг О.Номинчимэг гишүүн хэлээд, яг одоо Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүд хоорондын нийцлийг хангах шаардлага бий гэлээ.
Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шийдвэрлээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 518 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулж, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан, Б.Нарантуяа-Нара нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.
Ажлын хэсэг тамхины хэрэглээг бууруулах, хүн амыг тамхи болон никотины хамаарлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, электрон болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тамхинаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих, тамхины хяналтын тогтолцоо, хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 47 саналыг боловсруулсан байна.
Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулсан байна.
Тамхин бүтээгдэхүүнд ногдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техникийн зохицуулалтад нийцүүлж түүнийг баримтлахаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын үүргийн зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тамхины хэрэглээ болон тамхины хяналтын талаар хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.
Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ногдуулж байсныг тусад нь ангилах, аманд уусгах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнээс онцгой албан татвар ногдуулахаар нь оновчтой гэж үзсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн талаарх зөвлөмжийн дагуу 5 жилийн хооронд үе шаттайгаар нэмэгдэх онцгой албан татварын хэмжээг 60 хувьд хүргэхээр тооцож, холбогдох саналын томьёоллоор санал хураалт явуулсан гэв.
Тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахдаа ялгамжтайгаар тогтоох, никотин агуулагдаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ногдуулахгүйгээр тусгах нь оновчтой гэж үзсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.