Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара нараас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улс төрийн албан хаагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албаны болон албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх явдал түгээмэл байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээх, зарим тохиолдолд төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах явдал нэлээдгүй гарч байгаа аж.
Энэ нь төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, олон нийтэд тайлагнах гэхээсээ илүүтэйгээр хувь хүний сурталчилгаа, зарим тохиолдолд улс төрийн зорилгоор хуурамч мэдээллийг түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна гэж үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг онцлов.
Төрийн албаны тухай хуульд Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээхгүй байх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн хуулийн төсөлд “контент" гэж олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг, “нийгмийн сүлжээний хэрэгсэл” гэж цахим орчинд хэрэглэгч контент үүсгэх, түүнийг бусад хэрэглэгч, нийтэд түгээх, ил болгох болон устгах боломжтой, бусадтай харилцах, мэдээлэл харилцан солилцох зориулалт бүхий хэрэглэгчийн үүсгэсэн контентод суурилсан сүлжээг, “түгээх” гэж хэрэглэгч контент, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээний тодорхойгүй хүрээний хэрэглэгчид болон нийтэд нээлттэй хүргэхийг;” гэж зарим нэр томьёоны тайлбарыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдвал төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, олон нийтэд төрийн байгууллагын үйл ажиллагааг тайлагнах ажиллагааг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхад түлхэц болно. Түүнчлэн улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, иргэдийн шийдвэр гаргах байдалд зохисгүй байдлаар нөлөөлөх, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг хязгаарлана гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.