Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа мөрдөгчийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг, 330 сумын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын анги, салбарын төлөөлөл болсон алба хаагчид цахимаар оролцлоо.
Уулзалтын үеэр ЦЕГ-ын удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ оны эхний таван сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 128 мянга гаруй гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 48 мянга, зөрчлийн шинжтэй 71 мянган гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байна.
ХЗДХ-ийн С.Амарсайхан эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлээд, хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглэв.
Тэрээр, энэхүү бодлогын хүрээнд цагдаагийн байгууллага хуульд заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шударга ёс, хууль дээдлэх зарчимд тулгуурлан ажиллах шаардлагатайг онцоллоо.
Мөн салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийг нэгдсэн цахим санд байршуулах, цахим шилжилтийг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Бодлогын Зөвлөл байгуулж буйгаа танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид, тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өдөр тутам эрхэлдэг цагдаагийн мөрдөгчдийн үүрэг, оролцоо онцгой ач холбогдолтой.
Тиймээс цагдаа, мөрдөгчдийн мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, нийгмийн баталгааг дэмжих, төр, иргэний харилцан итгэлийг бэхжүүлэх, цагдаагийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор “Цагдаагийн мөрдөгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд зохион байгуулах үүрэг өглөө.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хууль иргэнээ ч хамгаалдаг хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой. Олон нийтийн амар тайван амьдралын төлөө тангараг өргөн зүтгэж яваа цагдаа нараа Монголын төр, ХЗДХЯ хамгаалах болно гээд албаа нэр төртэй хашиж, иргэдийн итгэл найдварыг тээж, цаг наргүй ажилладаг амаргүй албанд зүтгэж яваа эгэл жирийн эрхэм алба хаагчид, офицер генералуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.