
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч цар тахлын үед ачааны хүндийг үүрч, олон мянган хүнийг эмчилж, амь насыг нь аварсан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, тэдний гэр бүлд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрбээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Мөн “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, тэр дундаа хувийн хэвшлийн эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд манлайлан оролцох шаардлагатайг тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд зарим томоохон хувийн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт төхөөрөмж нэвтрүүлж, хавдар, зүрх судас, мэдрэлийн өвчнийг эрт үед нь оношлох боломж бүрдүүлж байна. Мөн дурангийн болон роботын тусламжтай мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн нэгдсэн платформыг ашиглаж эхэлжээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч бодлогын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Цаашид монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээ авдаг болох, эрт илрүүлэг, оношилгооны хамрах хүрээг тэлэх, дундаж наслалтыг уртасгахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Улсын хэмжээнд 220 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр төв жилд 7 сая гаруй үзлэг хийдэг бөгөөд нэг иргэн жилд дунджаар гурван удаа Өрхийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авдаг гэсэн статистик гарчээ.
Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нарын улсын зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг болсон. Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол “Сувилахуйн сургалт, судалгааны төв”, “Уламжлалт анагаах ухааны үндэсний төв”-ийн бүтээн байгуулалт удахгүй дуусах юм байна.
Түүнчлэн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг ажиллаж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг хэрэгжиж байна.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4900 гаруй байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 43 хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим эмч, ажилтанд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тухайлбал, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Н.Нарьяа, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл гурван гал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Ж.Сүнжидмаа нарт Хүний гавьяат эмч, “Өнөлаб” лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор В.Хадхүүд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.