Сэтгэгдэл 0
Цахилгаанжуулсан модны нүүрсээр агаар дахь СО2-ыг соруулах аргыг нээжээ
Кембрижийн их сургуулийн эрдэмтэн судлаачид гайхалтай нээлт хийж, идэвхжүүлсэн модны нүүрсээр агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл(СО2) соруулах цоо шинэ аргыг амжилттай туршсан байна. Айл өрхийн ус шүүгч дотор л байж байдаг энэхүү энгийн модны нүүрсийг зай хураагуурын зарчмаар ажилладаг болгон сайжруулснаар агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн давхар ислийг үр дүнтэй соруулж, цэвэрлэх боломж ийнхүү нээгдэж буйг туршилтыг явуулсан эрдэмтэд онцоллоо. Энэхүү инновацын зарчим нь маш энгийн. СО2-ыг татагч ионоор модны нүүрсийг идэвхжүүлэн цахилгаанжуулснаар агаар шүүгч болгон хувиргахад оршино. Nature сэтгүүлд модны нүүрсийг хэрхэн агаар шүүгч болгох дэлгэрэнгүй аргыг нийтэлсэн бөгөөд шинэ нээлт нь эрчим хүч хэмнэх чадвараараа одоо ашиглаж байгаа агаар цэвэршүүлэгч технологиотой харьцуулшгүй давуу талтай аж. Судалгааг ахалж явуулсан Юсүф Хамиедийн Химийн тэнхимийн доктор Александер Форз “Агаар мандлыг бохирдуулагч нүүрстөрөгчийг соруулж, цэвэрлэх нь хүн төрөлхтний сүүлчийн арга. Гэвч цаг уурын өөрчлөлт хоолойд тулсан энэ онцгой байдлын нөхцөлд шинэ технологийг яаралтай хөгжүүлэх шаардалагтай байна” гэв. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, улмаар цаг уурын өөрчлөлтийг цаг алдалгүй зогсооё гэвэл энэхүү модны нүүрсийг ионоор цахилгаанжуулах цоо шинэ аргыг богино хугацаанд боловсруулж, ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхийг эрдэмтэд санал болгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.