Сэтгэгдэл 0
Оросын шүүх “Рио тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын “Русал”-ын нэхэмжлэлийг шийдвэрлэжээ

Оросын шүүх хөнгөн цагааны салбарын аварга компани болох "Русал" (Rusal)-ын дэлхийн уул уурхай, металлын "Рио Тинто" (Rio Tinto) компанийн эсрэг гаргасан 104.75 тэрбум рублийн (1.32 тэрбум ам.доллар) нэхэмжлэлийг "Русал"-ын талд шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь Австралийн Квинсленд мужид байрлах, хамтарсан хөнгөн цагааны исэл (глинозем) боловсруулах үйлдвэртэй холбоотой хууль эрх зүйн маргааныг улам хурцатгаж байна. Украин дахь дайнтай холбогдуулан Австрали улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа "Рио тинто" тус үйлдвэрийг дангаараа хяналтдаа авсан юм. Нэхэмжлэлийг хаалттай хэлэлцсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг нь мэдээлээгүй байна. "Русал" компани тайлбар хийхээс татгалзсан байна. Харин шүүх хуралдаан хоёр корпорацын төлөөлөгчдийн оролцоотойгоор болж, мэтгэлцээний зарчмаар явагдсан гэдгийг тодотгожээ.
“Рио тинто” компани “Ройтерс” агентлагт өгсөн мэдэгдэлдээ, "Русал"-ын гаргасан Оросын нэхэмжлэл Австралийн эрх бүхий шүүхийн шийдвэрлэсэн асуудлуудыг дахин шүүхэд өгөх зорилготой. Энэ нь "Русал"-ын “Queensland Alumina Ltd” (QAL)-д эзэмшсэн хувь хэмжээ болон Австралийн хориг арга хэмжээтэй холбоотой гэдгийг дурдсан байна. “Рио тинто” "Бид "Русал"-ын эсрэг нэхэмжлэлийн талаар байр сууриа хамгаалсаар байх бөгөөд эрх, хөрөнгөө хамгаалахын тулд шаардлагатай бүх алхам хийх болно" гэжээ.
"Русал" компани Австралид "QAL" хөнгөн цагааны исэл (глинозем)-ийн үйлдвэр дэх 20 хувийн эзэмшлийн эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлээ 2024 онд шүүхээр хэлэлцүүлээд ялагдсаныхаа дараа дахин шүүхэд ханджээ. ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсний хариуд Австрали улс өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсны дотор хөнгөн цагааны үйлдвэрлэлийн түүхий эдийг Орос руу экспортлохыг хориглосон шийдвэр багтсан байна. 2022 оны гуравдугаар сард уг хориг хэрэгжиж эхэлмэгц "Rio" (Rio Tinto) компани "QAL"-ийн үйл ажиллагааг бүрэн хяналтдаа авч, "Русал"-ыг үйл явцаас шахан гаргаснаар тус компанийг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс хүртэх боломжгүй болгожээ.
“Рио тинто” ОХУ-д ямар нэгэн хөрөнгө байхгүй ч "Русал"-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдсан талуудын дунд “Рио”-гийн охин компаниуд багтсан байна. Эдгээр охин компани нь Монгол Улс дахь Оюутолгойн зэс-алтны ордын 66 хувийг эзэмшдэг. Монгол Улс бол Оросын эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ аваагүй хөрш орнуудын нэг. Олон улсын арга хэмжээний дагуу Австрали улс хөнгөн цагааны исэл экспортлохыг хориглосон. Мөн Украинд байрлах үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон зэрэг шалтгааны улмаас "Русал" компани 2022 онд Сибирьт байрлах хөнгөн цагааны үйлдвэрүүдээ түүхий эдээр хангахын тулд Хятад болон бусад орноос нэмэлт нийлүүлэлт хайхад хүрсэн байна. "Русал" 2023 онд Орос, Ирланд, Ямайк, Гвиней дэх өөрийн эзэмшлийн үйлдвэрүүдээс нийлүүлэгдэх түүхий эдийн хангамжийг дэмжих зорилгоор Хятад дахь хөнгөн цагааны исэл боловсруулах үйлдвэрийн 30 хувийн хувьцааг эзэмших болсон байна.
Энэ хугацаанд "Русал" компани 2025 онд Энэтхэгт байрлах хөнгөн цагааны исэл (глинозем)-ийн үйлдвэрийн хувьцааны 50 хүртэлх хувийг үе шаттайгаар эзэмшихээр болсноо мэдэгдээд байгаа билээ. Мөн 2028 онд Оросын Ленинград мужид 4.8 сая тоннын хүчин чадалтай, хөнгөн цагааны исэл үйлдвэрлэх шинэ үйлдвэр барихаар төлөвлөж буйгаа зарлав.
Харин “Рио тинто” давуу эрхийн хувьцаа эзэмшилтэй "Оюутолгой"-н төслийн тухайд татвар хураамж, баялгийн өгөөжтэй холбоотой нийгмийн хэлэлцүүлэг өрнөсөөр байгаа. Нийгмийн хөдөлгөөнүүдийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу газрын хэвлийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд хүртээх шаардлага тавьсаар байгаа юм.
Эх сурвалж: https://www.reuters.com/sustainability/boards-policy-regulation/russian-court-rules-favour-rusal-132-billion-lawsuit-against-rio-tinto-2025-12-15/
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.