-Нүүрсний хулгай оффшорт ороод замхарч мэдэхээр байна-
2017-2022 онд Ардын намд америк долларын шинэ саятнууд олширсон гэх. Шинэ саятнуудын хөрөнгө оффшорт хадгалагдаж байгаа гэх хардлагууд нүүрсний хулгайтай шууд холбогдож байгаа. Хулгайн гол обьект болоод буй ард түмний өмчит “Эрдэнэс тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд Хятадын оффшор бүс Хонконгод бүртгэлтэй зуугаар тоологдох компанитай нүүрсний худалдаа хийж ирсэн байдаг. Томоос нь дурдвал, Chalco trading hongkong co,limited гэх мэт. Ерөнхийдөө Тавантолгой ордоос нүүрс худалдан авах эрх олж авсан компаниудын олонх нь Монголын Засгийн газраас зарласан оффшор бүс Хонконгод байршдаг. Харин “Эрдэнэс тавантолгой” компани эдгээр дотроос нэг оффист бүртгэлтэй, нэг хүнтэй компаниудыг түлхүү сонгож, нүүрсээ нийлүүлснийг шинжээчид онцолдог. Өөрөөр хэлбэл, нүүрсээр дамжиж буй мөнгө угаалт эдгээр компаниар голлон явагдаж байх авлигын эрсдэл хамгийн өндөр гэж хууль хяналтынхан хэдийнэ анхааруулсан. Энэ жишгийн дагуу нүүрсний хулгайн дуулиан оффшорт ороод замхарч мэдэхээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.06/ Төв талбайд 2 өдөр болж өнгөрсөн нүүрсний хулгайн эсрэг жагсаалтай холбогдуулан хэвлэлийн хурал хийхдээ энэ шалтгаанаар Ардын намын нэр холбогдсон нэрсийн жагсаалтыг зарлаагүй болов уу.
Монголын нүүрс оффшорт хүрдэг нууц бизнесийн схем маш ойлгомжтой. Эрх баригч намын нөлөө бүхий лидерүүд “Эрдэнэс тавантолгой” компани шиг мөнгөний уурхай дээр хэрэгтэн болоод байгаа Б.Ганхуяг шиг залуусыг тодорхой нөхцөлтэйгөөр захирлаар томилоход нөлөөлнө. Өөрийнхөө шийдвэрийг намын шийдвэр гэж тулгана. Ингээд ард түмний нэртэй томоохон орд газар бүхэлдээ намын нөлөө бүхий албан тушаалтнуудын халаасанд шууд ороод ирж байгаа юм. Тэд төлөөлөгчөөрөө дамжуулан нүүрсний квот хуваарилна, хэний машин хаана нүүрс тээвэрлэхийг мэднэ. Сүүлдээ алаагүй баавгай буюу ухаагүй нүүрсээр дэнчин тавьж, тэрбум ам.доллароор хэмжигдэх мега төсөл хэрэгжүүлэхийг хүртэл заадаг болж хувирсан. “Ардын нам” гэх төрийн бус байгууллагын өндөр албан тушаалтан энэ эрх мэдлээрээ олж авсан мөнгөө хадгалахад Монгол дэндүү жижигдэнэ. Гадаадын аль нэг оффшор бүсэд данс нээх шаардлага гарна. Жишээ нь, нүүрсний хулгайн цаад эзэд Өвөрмонголын Баяннуур аймгийн хятадуудад Тавантолгойн уурхайн амнаас 1 тонн нүүрсийг 70 ам.доллароор худалдах гэрээ байгуулахыг даалгана. Гэвч бодит байдал дээрээ нүүрс худалдан авч байгаа хятадын халааснаас 71 ам.доллар гарах шаардлагатай. Зөрүү 1 нэг ам.долларыг намын том лидерийн оффшор данс руу шилжүүлдэг. Зарим тохиолдолд оффшороор дамжих авлигын хэмжээ тонн тутамдаа 5 ам.доллар болж өсөх бөгөөд дэлхийн зах зээл дээр тонн нүүрсний ханш 400 ам.доллар хүрсэн өнгөрсөн хэдэн жилд худалдан авагч хятад ямар ч алдагдалгүй байж ирсэн. Хонь бүрэн, чоно цатгалан зарчим. Яг энэ схемээр Ардын нам дахь ам.долларын саятнууд олширсон. Мэдээж, мафийн сүлжээний гол зохион байгуулагч ганцаараа бүгдийг халаасалж дийлэхгүй. Нам доторх бүлэг фракцууддаа амсуулж, амыг нь хяналтдаа байлгах шаардлагатай учраас Хонгконг дахь холбоо сүлбээгээ ч өргөжүүлжээ. Нөлөө бүхий хүн намын том даргын суудлыг ингэж ашигладаг. Засгийн газраас хараат бус намаас томилсон учраас төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгөний уурхайгаа ингэж олборлож эхэлдэг.
Энэ бүдээс үзвэл, нэн тэргүүнд хэргийн захиалагч, гүйцэтгэгч хоёрын харилцаа ил болох учиртай. Гүйцэтгэгч ойлгомжтой хойно захиалагч нь ил болох цаг хугацааны асуудал. Мөнгө мөртэй, шилжүүлэг бүр баримттай. Харин цаана нь Монгол, Хятад болон оффшор бүс дамнасан бүхэл бүтэн мафийн сүлжээ ажиллаж байна. Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар /2022.04.05/ олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хулгайн асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэж мэдэгдсэн. Тэрбээр "...Тавантолгойн хувьд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг цэгцлэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа юм. Цаана нь нөлөө бүхий том лидерүүд байгаа. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно" гэж байлаа. Түүний дараа нүүрс экспортын Гашуунсухайт боомт дахь гаалийн албан тушаалтнуудыг барьж хорьсон. Хамгийн сүүлд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайчдын үүрийг ухсан нь өдгөө Ардын намын томоохон албан тушаалтнуудаар дамжин, хэргийн мөрийг оффшор бүс рүү хөтлөөд байна. Энд 2016 оноос хойших нүүрсний хулгайн яригдаж байгаа учраас Ардын намын лидерүүд гэж онцлох нь зүйтэй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.