БНСУ-аас Монголд суугаа Элчин сайдын ярилцлагаас онцлох таван өнцөг

БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Монгол Улсад айлчилж байна. Энэ цаг үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Жун Ан Дейли” сонинд ярилцлага өгчээ. Ярилцлага дараах таван сэдвийн хүрээнд өрнөсөн байна. Монгол дахь Солонгосын соёлын тархалт нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ суурь болох тухай, Солонгосын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, Тогтвортой хөгжлийг дэмжихэд Солонгосын гүйцэтгэх үүрэг, дэд бүтцийн хамтын ажиллагаа тухайлбал Улаанбаатар метро төслийн тухай, Солонгосын хойгийн энх тайван байдалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг зэрэг таван сэдвийн хүрээнд ярилцжээ.
Уг ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Солонгосын соёл Монгол Улсад эрчимтэй тархаж буй нь сүүлийн үед улам бүр тодорхой болж байна. Та Монгол Улсад өрнөж буй “солонгосжилт” хэмээх үзэгдлийг хэрхэн үнэлж байна вэ? Мөн хоёр улсын харилцааг бэхжүүлэх өөр ямар боломжууд байж болох вэ?
-Монгол Улсад Солонгосын соёл дэлгэрч байгааг “солонгосжилт” гэж нэрлэх нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг. Энэ үзэгдэл нь олон хүчин зүйлсийн нийлбэр бөгөөд Монголын нийгэм хөгжихийн хэрээр иргэд илүү тохиромжтой үйлчилгээ эрэлхийлж, мөн БНСУ-д зорчих замаар солонгос соёлд илүү ойр танил болсон нь голлох шалтгаануудын нэг юм. БНСУ-д 2025 оны байдлаар 300 мянга орчим монголчууд зорчсон гэх тооцоо бий.
"Монгол дахь Солонгосын соёлын тархалтыг хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх суурь хэмээн харвал зохино"
БНСУ иргэд хоорондын солилцоо, найрсаг харилцааг эдийн засгийн бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлж, стратегийн хөрөнгө оруулалтын чиглэлийг эрэлхийлж, энэ төрлийн судалгаа хийх шаардлагатай. Харамсалтай нь, Монгол Улсад БНСУ-аас хийсэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалт одоогоор алга. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын 10-аас бага хувийг манай улсын хөрөнгө оруулалт эзэлдэг. Манай улсын томоохон компаниуд Монголд салбараа нээгээгүй байна. Энэ нь Монгол Улс далайд гарцгүй тул экспортын таатай чиглэл биш гэж үнэлдэгтэй холбоотой байж болох юм.
Монгол Улс “гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд худалдааны сувгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засаг нь Хятад Улс (экспортын 90 орчим хувь) болон ОХУ (гол эрчим хүчний ханган нийлүүлэгч) -аас ихээхэн хамааралтай. Ийм нөхцөлд Солонгос Улс гуравдагч хөршүүдийн хүрээнд чухал түнш байх бүрэн боломжтой гэж харж байгаа.
Монгол Улсын 3.3 сая хүн амтай зах зээлд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өндөр боломжтой. Монгол орны хуурай уур амьсгалтай холбоотойгоор бүх насныхан арьс арчилгааны бүтээгдэхүүнд ихээхэн анхаарал хандуулдаг. Манай Элчин сайдын яамнаас Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг орон нутгийн зочдод бэлэглэхэд тэд үргэлж талархан хүлээж авдаг.
-Солонгос Улс 1990-ээд оноос хойш Монгол Улсад албан ёсны хөгжлийн тусламж үзүүлж ирсэн. Ийм тусламжийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ? Мөн амжилттай хэрэгжсэн төслүүд байгаа юу?
-Хөгжлийн тусламжийг үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд Монголын талаас тодорхойлсон бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн хэлбэрээр тусламж үзүүлэх нь нэн чухал.
Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (KOICA) 2021 оноос хойш 6 сая ам.долларын санхүүжилтээр “Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөл нь сонгуулийн нэр дэвшигчдийн жагсаалтад хүйсийн тэнцвэрийг хангах “зиппер систем”-ийг нэвтрүүлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлсэн юм. Үүний үр дүнд Улсын Их Хурлын 126 суудлын 25.4 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь БНСУ-ынхтай (20 хувь) харьцуулахад өндөр үзүүлэлт. Уг төсөл нь жендэрийн тэгш байдалд бодит хувь нэмэр оруулсан хэмээн өндөр үнэлгээ авч байна.
"Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай яг ямар төрлийн дэмжлэг нийцэх вэ гэдгийг ойлгох хэрэгтэй"
Солонгосын агентлаг, компаниуд 2007 оноос хойш Монгол Улсад “Солонгос–Монголын Ногоон Бүс” төслийн хүрээнд мод үржүүлж, улс даяар тарих ажлыг хэрэгжүүлж байна. Монгол Улс ч дотооддоо “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ. Ирэх жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP-17/ зохион байгуулахаар төлөвлөж байна. Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн талаарх санаачилгуудыг Монгол Улс үндэсний тэргүүлэх зорилт болгож, олон улсын түвшинд манлайлал үзүүлэхийг зорьж байгаа нь сайшаалтай. Үүнд Солонгосын оруулсан хувь нэмэр тодорхой нөлөө үзүүлсэн гэж хэлэх байна.
-Сүүлийн үед Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдэд манай улсын компаниуд оролцох болсон. Үүний ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?
-БНСУ-ын Үндэсний төмөр замын корпорац, Солонгосын Төмөр замын корпорац, “DOHWA” Инженеринг, “Soosung” Инженеринг болон зөвлөх үйлчилгээний компаниуд багтсан Солонгосын консорциум Улаанбаатар хотын метроны төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний 60 тэрбум вонын тендерт амжилттай шалгарсан. Энэ хүрээнд Солонгосын компаниуд төмөр замын технологийн ололт, мэдлэгийг Монгол Улсад нэвтрүүлж, метроны удирдлагын системийг зохион байгуулах үүрэг хүлээж байна.Энэ төсөл нь зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалтаар хязгаарлагдахгүй. Манай компаниуд Улаанбаатар хотын удирдлагуудтай нягт харилцаа тогтоож, ирээдүйд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
"Монгол Улсын хувьд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний системийг сайжруулах асуудалд онцгой анхаарал хандуулах боллоо. Энэ нь БНСУ-ын компаниудын хувьд бизнесийн томоохон боломжийг нээж байна"
Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг хотжилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь хоёр улсын хувьд харилцан ашигтай байх боломжтой.
-Монгол Улс ашигт малтмалын баялагаараа арвин орон. Энэ нь Солонгосын технологийн компаниудад хэрхэн хэрэгтэй байж болох вэ? Уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны хувьд хоёр улсы харилцаа ямар түвшинд байгаа вэ?
-Уул уурхайн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа ид өрнөж байна. Энэ оны гуравдугаар сарын сүүлээр Солонгос-Монголын Ховор металлын хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлыг зохион байгуулсан. Мөн БНСУ-ын Засгийн газар Улаанбаатар хотод Ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулахад зориулж албан ёсны хөгжлийн тусламж үзүүлэхээ амласан. Монголын талын идэвхтэй оролцоо нь Солонгосын талаас уул уурхайн салбарт өндөр хүлээлттэй байгааг харуулж байна.
"Монгол Улсын уул уурхайн салбарт БНСУ-ын хөрөнгө оруулалтыг Австралитай харьцуулахад дэндүү бага. Чухам энэ нь аливаа ашигт малтмалыг нэмүү өртөг шингээлгүйгээр Хятад руу шууд экспортлох нөхцөл бүрдүүлээд байгаа юм"
Гэсэн хэдий ч хоёр улс хамтын ажиллагааныхаа хүрээнд бодит амжилтын түүх бий болгох шаардлагатай байна. Хоёр орны хооронд асар их боломж байсаар атал гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай.
-Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаатай. Зүүн хойд Азид геополитикийн хурцадмал байдал эрчимтэй нэмэгдэж буй энэ үед Монгол Улс ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
-Монгол Улс өөрийн байр суурийг тодорхойлчихсон. Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил цэцэглэлт нь Монгол Улсын оршин тогтнолд нэн чухал ач холбогдолтой гэж үздэг. Монгол Улсын тухайд БНАСАУ нь Солонгосын хойгт цөмийн зэвсэг байршуулж бүс нутгийн тогтворгүй байдлыг үүсгэх ёсгүй гэсэн хатуу байр суурийг баримталдаг.
"Гадаад бодлогын хүрээнд Монгол Улс БНСУ-ыг ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг хуваалцдаг түнш улсын хувьд манай дипломат бодлогыг тууштай дэмжиж ирсэн"
Түүнчлэн Монгол Улсын тухайд БНАСАУ, ОХУ, БНХАУ-тай мөн найрсаг харилцаагаа хадгалсаар байгаа нь ч үнэн юм. Монгол Улс 2014 онд "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгыг эхлүүлж, Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах арга замыг хэлэлцэх зорилготойгоор уг уулзалтыг зохион байгуулж ирлээ. Өнгөрсөн жил АНУ болон Испани Улс энэ санаалчилгад нэгдэж, яриа хэлэлцээнд оролцсон. Монгол Улс Пёньянд урилга илгээсэн боловч БНАСАУ-ын төлөөлөгчид оролцоогүй юм.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Монгол Улс Солонгосын хойгт яриа хэлэлцээний замаар энх тайван тогтоохыг уриалдаг. Мөн Монгол Улс 2019 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол болон хориг арга хэмжээг хэрэгжүүлж, БНАСАУ-ын иргэдийг гадаадад орлого олох боломжийг хязгаарлах хүрээнд тэднийг Пёньян руу буцаах ажиллагааг хэрэгжүүлсэн.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.