ГССҮТ-д хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий MRI аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MRI шинжилгээний аппаратыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасагт суурилуулж, тус хэсгийн бүх өрөөг шинэчлэн засварлаж тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
Энэхүү MRI шинжилгээний аппаратыг ХБНГУ-ын “SIEMENS HEALTHINEERS” брэндийн албан ёсны дистрибьютер болох “Setunari” ХХК-ийн Монгол инженерүүд угсарч, суурилуулсан байна.
Тус аппарат нь 1.5Т хүчин чадалтай бөгөөд мөр, тохой, хөлийн тавхай зэрэг жижиг хэсгийн зургийг ч чанарын өндөр түвшинд, илүү нарийвчилсан байдлаар гаргах дэвшилтэт технологи ажээ.
Түүнчлэн аппарат нь радиус томтой тул жин ихтэй /180 кг хүртэлх/ үйлчлүүлэгчид шинжилгээ хийх боломжтойгоороо давуу талтай бөгөөд спортын гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах таатай нөхцөл бүрдэж байна.
Ийнхүү ГССҮТ-ийн дүрслэл оношилгоо шинжилгээний чадамж нэг үзүүлэлтээр дээшилж, үйлчлүүлэгч нарийн шинжилгээг богино хугацаанд хурдан шуурхай авах боломж бүрдлээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.