Залилагчдад боломж бүү олго хэмээн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг. Гэвч залилагч нар ямар нэг аргаар өөртөө боломж бүрдүүлж, Монголоор тогтохгүй хилийн чанадад бусдыг төөрөгдүүлж байна. Амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн иргэдийн шуналыг өдөөж, элдэв арга саамаар хадгаламж дахь хэдийг нь луйвардах явдал хамгийн сүүлд Хөвсгөл аймагт гарч, хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхлээд буй. Улс дотроо үйлдэгдсэн хэргүүдийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлдэг ч эцсийн дүндээ хохирогчид нь мөнгөө авч чадахгүй байх нь элбэг. Хил дамнан, олон улсаар дамжуулж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг ч манай хууль сахиулагчид илрүүлэн эх орондоо байгаа гэм буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэдэг. Улс дамнаж залилан мэхэлсэн, ингэхдээ төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжүүдийг хөлдөө чирч, өмнөд хөршийн томоохон банкуудын мөнгийг завшсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нэгэн хэргийн хавтсыг сөхье.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ “БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ”-ЫГ ХОХИРООВ
Хэргийн холбогдогчийн нэрийг өөрчлөн Г.Отгонцэцэг гэж нэрлэе. Төмрийн хүдэр олборлож экспортолдог “Инфинитиспэйс” болон “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн тодорхой хувийг эзэмшигч Ли гэгчтэй бүлэглэн дээрх хоёр аж ахуйн нэгжийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, төмрийн хүдрээ тээвэрлэдэг 2000 вагон, 10 гаруй зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалан 2011 оны аравдугаар сард БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас 200 сая ам.долларын зээл авахаар хандсан байна. Мөн тус улсын Хөгжлийн банканд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг давхар барьцаалах гэрээ байгуулж 175 сая ам.долларын зээл авчээ. Зээлийн гэрээ байгуулах ажлыг Ли захирлын олгосон итгэмжлэлийн дагуу Г.Отгонцэцэг гүйцэтгэсэн бөгөөд өөр нэгэн хуурамч компанийн нэрээр “Инфинитиспэйс”-ийн бүх хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх ажиллагаа ч хийсэн аж. Ингэхдээ дээрх байгууллагуудаас авсан зээлийн гэрээний нүүр хэсэг нь хуурамч буюу “Монголиа лалэгаоти айрон майнинг” компанийн нэр дээр байхад сольж, “Болд төмөр Ерөө гол” компанийнх болгоод, тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг АМГТГ-т хийлгэсэн байна.
Ийнхүү залилж авсан мөнгөнөөс Г.Отгонцэцэг 612 сая төгрөгийг нь авч, нөхрийнхөө нэр дээр 2014 оны өвөл Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт таван өрөө орон сууц, хоёр ч авто зогсоол худалдан авсан гэнэ.
Уг нь “Инфинитиспэйс” болон “Болд төмөр Ерөө гол”-ын Монголын талын хувьцаа эзэмшигч, удирдах албан тушаалтнуудад зээл авах гэж буйгаа Ли гэгч хятад эр мэдэгдэж байсан бололтой. Дээрх компанийн төлөөлөл хууль хяналтын байгууллагынханд өгсөн тайлбартаа “Банк зөвшөөрөөгүй гэдэг ойлголтыг Монгол талын хүмүүст өгсөн. Гэвч найман жилийн дараа БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас хүмүүс ирж, 2011 оны аравдугаар сарын 19-нд байгуулсан гэрээний дагуу 200 сая ам.долларыг танай толгой компанид олгосон. Уг зээлээ огт төлөөгүй болохоор одоо барьцааны эд хөрөнгөөр төлүүлнэ” гэсэн шаардлага тавьснаар огт аваагүй, өгөөгүй зээлийн барьцаанд “Инфинитиспэйс” ХХК-ийн хөрөнгийг барьцаалуулж, хувьцааг нь шилжүүлж авч хууран мэхэлсэн” хэмээн ярьжээ.
Харин “Болд төмөр Ерөө гол”-ын хууль ёсны төлөөлөгч нь “Манай компанийн гадаад хөрөнгө оруулагч Ли Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Хандгайтын төмрийн хүдрийн орд газрын үйл ажиллагааг сайжруулна, санхүүжүүлнэ, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгоно. Энд шаардлагатай зээлийг БНХАУ-ын Экспорт, импортын банк, тус улсын Хөгжлийн банкнаас авна гэж хэд хэдэн гэрээ байгуулсан. Гэвч ямар ч мөнгө, зээл “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн данс руу орж ирээгүй. 2019 оны долдугаар сард манай компанийн удирдлага болон БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын сан, банкны хүмүүстэй уулзахад Экспорт, импортын банкнаас 200 сая ам.долларыг БНХАУ-ын иргэн Ли авсан. 2012 онд тус улсын Хөгжлийн банкнаас 175 сая ам.долларын зээл авсан гэдгийг мэдэгдсэн. Эндээс л Хятадын талын хөрөнгө оруулагч өмнөд хөршөөс зээл аваад үрсэн гэдгийг нь анх мэдсэн. “Болд төмөр Ерөө гол” ХХК нэг ч төгрөгийн, нэг ч центийн зээл БНХАУ-ын дээрх банкуудаас аваагүй байж өөрсдийн тусгай зөвшөөрөл, лицензээр буюу Монгол Улсын ашигт малтмалын баялгаар төлөх ямар ч боломжгүй, үндэслэл байхгүй” гэжээ.
Ийнхүү “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшлийн, Чичихарын вагоны үйлдвэрийн вагонууд болон Далианы үйлдвэрийн зүтгүүрүүдийг өмнөд хөршийн Экспорт, импортын банкны барьцаанд өгсөн байна. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг УИХ-ын нэгэн гишүүн үүсгэн байгуулсан гэдгийг уншигчид бүгд мэдэх учраас дэлгэрүүлж нурших илүүц биз. Магадгүй эрхэм гишүүн нэгэн хятад хүний биед халдсан хэмээн өнгөрсөн өвөл цахим мэдээллийн хэрэгслээр шуугьж байсан нь үүнтэй ч холбоотой байж мэдэх.
ХУУРАМЧ КОМПАНИА ХАЛХАВЧЛАХЫН ТУЛД “ИНФИНИТИСПЭЙС”-ИЙГ ШИЛЖҮҮЛЖ АВАХЫГ ДААЛГАЖЭЭ
Уг нь “Болд төмөр Ерөө гол”-ынхон Хятадын хөрөнгө оруулагч Лийд “Баянголын уурхайд байгуулсан хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж муудаж, тэндээс гарч буй хүдэр нь хүхэр ихтэй, 50 хувийн агууламждаа арай гэж хүрдэг, ийм хүдрийг зөөхөөр шороо ихтэй байгаа учраас цаашид нойтон баяжуулах үйлдвэр байгуулбал зүгээр” гэсэн санал хэлж байж. Ли ч үүнийг зөвшөөрч, дахиад хөрөнгө босгох шаардлагатай гээд зээл авах асуудлыг хөөцөлдөхөөр болсон аж. Энэ явцдаа манай газар доорх баялгийг БНХАУ-ын банкуудад барьцаалж мөнгийг нь завшсан байх юм.
Г.Отгонцэцэгт “Болд төмөр Ерөө гол”-ын хөрөнгө оруулагч Ли байнга даалгавар өгч байсан бөгөөд тус компанийн Монгол талын захирал нь түүнтэй хамтарч ажиллахыг уг эмэгтэйд зөвлөсөн гэнэ. Энэ талаараа Г.Отгонцэцэг мэдүүлэгтээ “Хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалт татахад Хятадын банкнуудаас зээл авах шаардлагатай болсон учраас компани байгуулна гээд Ли захирал надад итгэмжлэл олгосон юм. Үүнийх нь дагуу “Монголиа лалэгаоти айрон майнинг” компанийг байгуулсан. Хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтыг татахын тулд зээл авна. Төсөлтэй холбоотой ажлыг намайг хариуцаж Лийтэй хамтран ажилла гэж “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн тухайн үеийн захирал нь надад зөвлөсөн. Үүний дараачаас зээл авахтай холбоотой Лийгийн хэлсэн болгоныг хийж байсан.
Хятадын банкуудаас Лийгийн тушаал заавраар байгуулсан “Монголиа лалэгаоти айрон майнинг” компанийн нэр дээр зээл авахаар болсон. Гэвч тус компанийн нэр дээр ямар ч эд хөрөнгө байхгүй учраас “Оффшор буюу Британийн Виржинийн аралд бүртгүүлсэн компаниа хөрөнгөтэй харагдуулах хэрэгтэй байна. Тиймээс “Инфинитиспэйс” ХХК-ийг шилжүүлж ав гэж Лийгийн хэлсний дагуу тус компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авсан. Ингэснээр эл компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь халхавч аж ахуйн нэгжийн өмч гэж харагдаж байсан юм. Үүний дараа БНХАУ-ын Экспорт, импортын банкны барьцаанд тавьсан” хэмээжээ.
Ийнхүү БНХАУ-ын банкуудаас авсан олон сая ам.долларын зээлээс нь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн хөрөнгө оруулагч хятад эр Монгол Улсад ирээд нэг саяыг нь бэлнээр аваад явжээ. Үлдсэн 612 сая төгрөгийг нь Ли Г.Отгонцэцэгийг хувьдаа ашигла хэмээн үлдээсэн гэнэ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаараа Г.Отгонцэцэг “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ... хотхонд 130 ам метр талбайтай таван өрөө орон сууц, гараашийн хамтаар 400 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Үлдэгдэл 200 гаруй сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээ, эмчилгээндээ болон хүүхдүүдээ АНУ, Японд сургах сургалтын төлбөрт зарцуулаад дуусгасан” гэжээ. Уг мөнгөөр авсан орон сууцаа хүмүүст түрээслүүлдгийг хууль сахиулагчид шалгаж тогтоосон байдаг.
“Монголиа лалэгаоти айрон майнинг” компанийн хувь заяаг Хонконг болон Британийн Виржинийн аралд Ли өөрөө шийдчихсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Ли анхнаасаа манай улсын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалж, аж ахуйн нэгжүүдийг хохироох зорилго өвөрлөсөн байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч БНХАУ-ын Хөгжлийн банк болон Экспорт, импортын банкны зээлийг төлөлгүй “Монголиа лалэгаоти айрон майнинг”-ийг дампууруулсан нь залилан мэхлэх санаа зорилгынх нь илрэл гэлтэй.
Хонконгийн засаг захиргааны тусгай бүсийн анхан шатны шүүх тус компанийг дампуурсан тухай шийдвэр 2018 онд гаргаж байсан бол Кайманы арлын дээд шүүх 2019 онд эл компанийг татан буулгах шийдвэр, Британийн Виржинийн арлуудын албан ёсны хэвлэлд мөн онд “Монголиа лалэгаоти айрон майнинг” бүртгэлээс хассан талаар нийтэлж байжээ.
ӨМНӨД ХӨРШИЙН БАНКУУДААС БУС, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС МӨНГӨ ШИЛЖҮҮЛЖ БАЙВ
“Инфинитиспэйс”, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг, галт тэрэгний зүтгүүр, вагонуудтай нь барьцаалж зээл олгосон БНХАУ-ын Хөгжлийн болон Экспорт, импортын банкнаас мөнгө шилжүүлээгүй, хэд хэдэн аж ахуйн нэгжээс нь манай улсын компанийн дансанд нийт 14.6 сая ам.доллар орж иржээ. Энэ тухай Г.Отгонцэцэг “2012 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр “Голомт” банкны дансанд маань мөнгө орж ирсэн. Эхлээд 2012 оны дөрөвдүгээр сарын 30-нд Хятадын Х гэх компаниас гурван сая ам.доллар орж ирснийг тухайн өдөр нь борлуулж гурван тэрбум 927 сая төгрөгт шилжүүлсэн. Тухайн өдрийн ханшаар нэг ам.доллар 1309 төгрөгтэй тэнцэж байсан. Дараа нь тавдугаар сард дээрх компаниас хоёр сая ам.доллар орж ирсэн бол есдүгээр сард Е гэх компаниас нэг сая, түүнээс хойш Q гэдэг аж ахуйн нэгжээс 500 мянгаас 1.5 сая хүртэлх дүнтэй ам.доллар шилжүүлж байсан” хэмээн өгүүлжээ.
Үүнээс үзэхэд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас Монголын аж ахуйн нэгжийн эд хөрөнгө тусгай зөвшөөрлийг барьцаалж авсан 175, Экспорт, импортын банкнаас нь авсан 200 сая ам.доллароос ердөө 14.6 саяыг нь манайд оруулсан бололтой. Бусдыг нь мөнөөх Ли гэгч хятад эр завшчихсан гэхэд хилсдэхгүй нь.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг Г.Отгонцэцэг болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар хэлэлцээд “Болд төмөр Ерөө гол”, “Инфинитиспэйс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли нь эдгээр компанийн хамтран хэрэгжүүлж буй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөлд шаардлагатай хөрөнгийг оруулж ирнэ хэмээн Монгол талын хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хуурч, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалуулах замаар 2011 онд БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас 200, 2012-2013 онд тус улсын Хөгжлийн банкнаас 175, нийт 375 сая ам.долларын зээл авсан боловч санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулалгүй, хувьдаа ашиглан банкны зээлийн өрөнд барьцааны эд хөрөнгийг хураалгах нөхцөл бүрдүүлэхэд Г.Отгонцэцэг идэвхтэй үйлдлээр хамтран оролцож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Улмаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан залилан мэхлэх гэмт үйлдэлд нь 40 сая төгрөгөөр торгож, уг мөнгийг гурван жилийн дотор төлүүлэхээр болсон байна. Харин мөнгө угаасан хэрэгт нь Улаанбаатар хотоос долоон сар гарч явахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноосон аж.
Г.Отгонцэцэгийг залилах гэмт хэргийг гэрээний арга ашиглан үйлдсэн байх тул “Болд төмөр Ерөө гол”, “Инфинитиспэйс” компани болон БНХАУ-ын Хөгжлийн болон Экспорт, импортын банктай байгуулсан 2000 вагон, 12 зүтгүүр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоогоод эдгээр банканд барьцаалсныг бүртгэсэн манай АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.