-Аудитын дүгнэлтээр тус яам цар тахлын үеэр ажилтнуудаа хавтгайруулан урамшуулсан байна-
Үндэсний аудитын газраас 2021 оны аудитын хураангуйлсан тайланг гаргажээ. 2021 он бол Монгол Улсыг цар тахал жинхэнэ ниргэсэн жил юм. Түүний өмнөх хоёр жилд төрийн цар тахалтай тэмцсэн явдлыг бол юу ч гэж тайлбарламаар юм дээ. Дон Кихот салхин тээрэмтэй тулалддаг шигээр бодох бол гэнэн дүгнэлт болно. Харин эрх баригчид улс төрийн зорилгоор олон нийтийг айдаст автуулсан гэвэл илүү дөхөх байх. Ингээд эхлэл болгож Үндэсний аудитын газраас гаргасан 2021 оны тайлангаас Сангийн яамны хэсгийг сонирхуулж байна. Тус яам ерөнхийлөн захирах 30 гаруй тэрбум төгрөгийнхөө 5 тэрбум гаруй төгрөгийг тус онд зарцуулаагүй байна. Үүнээс 3 тэрбум гаруйг нь цар тахлын нөхцөл байдлын улмаас зарцуулаагүй аж.
Гэвч аудитын дүгнэлтэд дурдсанаар бол “Сангийн яамны газруудын 2021 оны эхний хагас, жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг чанарын өндөр үнэлгээгээр ханган биелүүлж, Монгол улсын эдийн засаг, санхүү, төсвийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан газрын ажилчдыг Сангийн сайдын 2021 оны 117, 234 дүгээр тушаалаар шагнахдаа шагнал, урамшууллыг хавтгайруулан олгож, нийт 55,256.5 мянган төгрөгийг зарцуулсан байна” гэжээ. 55 сая төгрөг гэсэн үг. Цар тахлын хөл хорио хувийн хэвшлийн байгууллагуудыг зогсоосон үед бүтэн цалингаа авч, улсаар ус, дулаан, цахилгаанаа төлүүлж дабл эрх гэмээр эрх эдэлсэн төрийн албан хаагчдыг дээр нь хавтгайруулан урамшуулсан нь ямар учиртай вэ.
Тайланд “Энэ нь ЗГ-ын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2-т Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна, мөн 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.1-д "үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах" гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн тайлангийн нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна” гээд шагнал урамшууллыг хавтгайруулахгүй байх зөвлөмж өгчээ.
Түүнчлэн 2021 онд бүх нийтийн арга хэмжээнүүдийг хориглосон байсан санагдаж байна. Гэтэл тус онд Сангийн яам Засгийн газрын цом-2021 тэмцээнд 26,999.8 мянган төгрөг, фитнесийн дугуй 2 ширхгийг худалдан авахад 6,435.0 мянган төгрөг зарцуулсан нь зөрчил хэмээн бүртгэгдсэн аж. Мөн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор туршилтаар яамны Баянзүрх дүүрэгт амьдардаг албан хаагчдыг ажилд зөөхөөр Хоссанна ХХК-тай 4 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулж, нийт 8,480.0 мянган төгрөгийг шилжүүлсэн боловч ажилчдаас 177.2 мянган төгрөгийг суутгасан зэрэг нийт 41,914.8 мянган төгрөгийн үр ашиггүй зарцуулалт гаргасан байна” гэжээ. Энэ нь мөн л Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", ЗГ-ын 2021 оны 43 дугаар тогтоолын 1.1-д "үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах" гэх мэттэй зөрчилдөж байгаа юм.
Үүнээс гадна Анхан шатны баримттай холбоотой асуудлыг судлахад түүвэрт хамрагдсан ажил гүйлгээнээс 94,769.0 мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын төлбөрийн цахим баримт гаргуулан аваагүй байжээ. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын тодорхой заалтуудыг зөрчсөн явдал аж. Түүнчлэн тус яам нь өөрийн цайны газрыг ажиллуулдаг “Болорхутагту” ХХК-тай байрны түрээсийн гэрээ байгуулаагүйгээс нийт 25,471.2 мянган төгрөгийн түрээсийн орлогыг бүрдүүлээгүй, түүний 40 хувь болох 10,188.5 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй зөрчил гаргасан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.