Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын мэдүүлгээр саатуулан байцаах гэж байна гэх зурвасхан мэдээ түгээд намжив. Х.Баттулгыг Хөгжлийн банкны мөнгөөр “Шинэ яармаг” төсөл хэрэгжүүлж байгаа “Нью яармаг хаусинг прожект” компанитай холбон шалгахаар болсон. Улс төр сонирхогчид тэр үйл явдлыг Хөгжлийн банк тойрсон дуулианы нэгээхэн хэсэг гэж үзсэн бол олон нийт барьчихаад тавиад явуулдаг АТГ-ын ээлжит “спорт загасчлал” гэж харсан. Харин дээд түвшиндээ бол улс төр доргионтой байгаа нь ойлгомжтой. Нэгдүгээрт, Монголын хууль хяналтын байгууллага түүхэнд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төр тэргүүлж байсан албан тушаалтныг хуулийн нэрийн өмнөөс дуудах гэж байна. Ялангуяа өнөөг хэр нь хар массын битүү дэмжлэгтэй байгаа Х.Баттулгыг хууль дуудсан нөхцөлд.
Гэхдээ тархай бутархай байгаа АН төдийгүй эрх баригч МАН-д салшгүй холбоо сүлбээтэй Х.Баттулга зүгээр ч нэг зангиагаа засаад, гутлаа тослон АТГ-ын хаалга татахгүй гэдэг нь Баянгол зочид буудалдаа бөхчүүд үүрлүүлсэн жишээнээс харагддаг. Түүнчлэн түүнийг МАН-д нөлөөтэй төдийгүй төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хамгаалах шалтгаан байгаа. Мэдээж, тэргүүнд эгнээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг нэрлэх биз. УИХ-ын дарга Г.Занданшатар ч Салхитын мөнгөний ордны асуудлаар Х.Баттулгатай хүч хавсарч байлаа. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд Х.Баттулгын “улаан хамгаалагч”-аар Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарыг нэрлэх хүмүүс олон байна.
У.Хүрэлсүх ба Х.Баттулга
Х.Баттулгын цоохор дээлээр гоён ялалт байгуулсан Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараахан ил болсон өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “найруулагч” Б.Баатар нарын утасны яриа тухайн үеийн олон асуултад хариулт өгч байлаа. Түүнээс хойш 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл үргэлжилсэн Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын улс төрийн хоршил өнөөг хэр нь бат бэх байгаа мэт таамаг яриа Төрийн ордонд ч, Тусгаар тогтнолын ордонд ч тасрахгүй байгаа. Тэгвэл У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа “Хөгжлийн банкнаас хулгайгаар өчнөөн олон луйварчин мөнгө авсан байна лээ. Тэднийг явах газар руу нь явуул. Хулгайч нарт мөнгө өгч байснаас ажил хийж байгаа хүмүүс өг” хэмээн хатуу байр суурь илэрхийлж байсан удаатай. Түүнээс хойш шударга ёс амлаж Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх өдгөө үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар Хөгжлийн банкны асуудлаар ганц үг ган хийгээгүй байгаа. Магадгүй, Ерөнхийлөгч болсныхоо дараахан хууль, шүүхийн байгууллагын эрх мэдлээс хол байна хэмээн ам гарсантай нь ч холбоотой байх. Ямартай ч нэг нь нөгөөгийнхөө халааг авсан төрийн тэргүүнүүдийн хоршил өнөөдрийг хүрсэн бол АТГ Х.Баттулгын гарын хүн Ц.Ууганбаярын хэргийг анхнаасаа нүдээ аниад өнгөрөхөд хүргэх дайны нөлөө тэдэнд бий.
Г.Занданшатар ба Х.Баттулга
Хөгжлийн банкны дуулиан дэгдэхэд Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” компани их хэмжээний зээлтэй гэдэг нь тодорхой болсон. Одоо энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хэрэг үүсгээд байгаа. Х.Баттулга Хөгжлийн банктай өөр нэг компаниар холбогдсон нь “Империал гоулд майнинг” юм. Тус компани Хөгжлийн банкнаас 2019 онд Монголын ардчилсан холбооны (МоАХ)-ны мэдлийн газрын барьцаалан их хэмжээний зээл авсан нь тогтоогдсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 онд “Империал гоулд майнинг” компанийн эзэн Т.Мөнхбаярыг “Эрдэнэс Силвер ресурс”-ийн захирлаар томилуулж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа, Т.Мөнхбаярын томилгоонд оролцсон бөгөөд шүүх, прокурор оролцсон Салхитын мөнгөний ордны дуулиан тэр үед дэгдэж байлаа. Тэр дуулиан үргэлжилсээр 2020 оны эхэнд Салхитын мөнгөний ордыг түшиглэн ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэх шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хамтран гаргасан. Түүнээс улбаалан Хөгжлийн банк МоАХ-ны газрыг барьцаалан “Империал гоулд майнинг” компанид зээл олгосон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар нэр холбогдож байлаа. Тэгээд ч "Империал гоулд майнинг" компани Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхайг ашиглаж ирсэн анхаарал татсаар байдаг.
Л.Оюун-Эрдэнэ ба Х.Баттулга
МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны дуулианы гол дүр болж гарч ирснээр тус банкны засаглалыг гартаа авах далимдаа “Хөгжлийн банкны хэрэгт хүний өөрийн гэхгүй, МАН+АН ялгаагүй хариуцлага хүлээх ёстой” гэдэг шахалт үзүүлсэн нь өнөөгийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд томоохон шахалт болсон гэж болно. Нийтдээ 1.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй Хөгжлийн банкны хэрэг ил болохоос өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөрийн зөвлөхөөр авч ажиллуулах санаачилга гаргасан нь нам дотроо асар их эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ил далдаар байр сууриа илэрхийлж, МАН-ын дарга Х.Баттулга зөвлөх асуудал тэгсхийгээд намжсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй ах гэдэг найруулагч Б.Баатар МАН-ын дарга болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын холбоог илтгэдэг. Гэвч намын зүгээс ч тэр, олон нийтийн зүгээс ч тэр улс төрийн шахалтад орсон Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаас зайгаа барьж эхэлсэн нь илт байгаа. Учир нь өнөөдөр тогтолцоогоор АТГ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарын шууд удирдлагад байна. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг өмгөөлж хамгаалах шалтгаан байсан бол АТГ Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан “Шинэ яармаг” төслийг оролдохгүй байсан. Монгол Улсын сайд Ц.Нямдоржийн хувьд Х.Баттулгын нэр холбогдож байсан төмөр замын хэрэг, “Шинэ яармаг” төслийн санхүүжилтийг олон жилийн өмнөөс шүүмжилж ирсэн байдаг.
С.Амарсайхан ба Х.Баттулга
Өнөөгийн Шадар сайд С.Амарсайханыг анх 2021 онд албан тушаалаа авах үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай. Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан” хэмээн онцолж байлаа. Түүний дараахан “Оюуны ундраа групп”-ийн С.Амарсайхан Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шадар сайд болсон гэж үздэг. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Амарсайхан нарын үерхэл бүр дээр үеэс эхтэй. Тэд худ ургын харилцаатай. Шадар сайд С.Амарсайханы ах УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын хүү О.Тэнүүн Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай гэр бүл болж байснаар ил болдог. Мөн энэхүү худ ургын харилцаа нь төрийн шийдвэрт тулгуурласан үндэслэсэн санхүүгийн харилцаа болтлоо хөгжсөн жишээ байдаг. С.Амарсайханыг хотын даргаар ажиллаж байхдаа, хотын захиргааны шинэ байрны 1000 ам.метр талбайг Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намууны “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-д өгч ашиглуулах шийдвэр гаргасан хожим ил болсон. Үүнд С.Амарсайханы дүү О.Тэнүүний оролцоо өндөр байсан гэлцдэг.
Д.Сумъяабазар ба Х.Баттулга
Нийслэлийн Засаг дарга, хотын намын хорооны дарга Д.Сумъяабазарыг бөх, нэр төдий УИХ-ын гишүүнээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон суга дэвшихэд тухайн үеийн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө өндөр байсан гэж үздэг. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүн, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 2017 онд огцруулсан үйл явц, МАН-ын даргын саналт хураалт, тэдгээрт гүйцэтгэсэн үүрэг нь Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэг сайдын суудал захиалахад хангалттай байсан. Дараа нь хотын даргын өмнүүр орж, нийслэлийн намын хороог авсан Д.Сумъяабазар Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуульд жин хастлаа гүйж, бие төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн Асашёорюү Д.Дагвадорж дүүгээрээ дамжуулан Засгийн газрын гишүүн болох хэтэрхий хялбар байсан биз. Гэвч ах дүү Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын мэдлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас эхлээд хувийн бизнес нь санхүүгийн хувьд сэхэл авч чадаагүй. Хувьчилж авсан Циркээ ч засаж чадалгүй өнөөдрийг хүртэл санхүүгийн асуудалтай байгаа. Дампуурах нь тодорхой байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг Монголбанк тэргүүтэй төрийн мөнгөөр хүчээр тогтоож байсан шалтгаан тэр бөгөөд Монголын хамгийн том банк ХААН банкны хувийг япончуудаас худалдаж авах далд хэлцэлтэй холбогдож, Х.Баттулга, Д.Сумъяабазар нарын салшгүй санхүүгийн харилцаа эхнээсээ ил болоод байгаа. Улс төрд найз гэж байдаггүй ч санхүүгийн харилцаа салахад бэрх.
Өнөөдрөөс Хөгжлийн банкны хэргээр МАН-аас УИХ-д сонгогдсон гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал эхэлнэ. Харин томчууд нь Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө МАН-ыг татан буулгах санал гаргаж, өдгөө АН-ын албан бус даргаар өөрийгөө өргөмжилж яваа Х.Баттулгыг өмгөөлж хаацайлаад байгаа нь Тусгаар тогтнолын ордны уур амьсгалыг өөрчилж мэдэхээр байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.