Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Битүү шөлнөөс чухал | Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийн учир

2024/11/26
Өнөөдөр Бүгд найрамдах Монгол ард Улсын анхдугаар Үндсэн хуулийн өдөр хоёр сар гаруй улсын дээд болон доод танхимаар хэлэлцсэн энэ хууль анх удаагаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийг тэгш хангаснаараа бүс нутагтаа сонин содон хуулийн тоонд ордог. Өдгөө засаглал өөрчлөгдөж, янз байдал нь өөрчлөгдсөн Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс бий болсон үүтгэл нь анхдугаар үндсэн хууль байсан юм. Бүрэн эрхт улсаа Үндсэн хуульдаа тунхагласан өдөртэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.

Монголчууд бидний эцэг хууль

Бидний өвөг дээдэс хууль ёсыг чандлан мөрдөж ирсэн түүхэн уламжлалтай. Тэнгэр эцэг, өвөг дээдсээ бахархан хүндэлдэг тэр үзэл 800 илүү жилийн тэртээ Их эзэн богд Чингис хааны үндэслэсэн улсын хуульд ч нэвт шингэсэн нь бий. Монгол нутагт анхлан мөрдөж байсан хууль цаазын баримт бичиг бол “Их засаг” юм. Үүнийг Чингис хаан биеэр санаачилж, улмаар Төрийн их заргач Шихихутагаар бичиглүүлжээ. Өнөө цаг үед эх хувиараа өвлөгдөн үлдээгүй ч бичигдэл хууль байсан нь түүхэн сурвалжууд, олон баримтаар баталгааждаг.
“Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ. “Их засаг” хуулийн зарчим эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байлаа.

Үндсэн хуулийн үүтгэл

Урд хөрш Манж чин гүрний хаяанд гурав илүү зуун жил аж төрсөн Монгол оронд XX зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл зулын гол лугаа бадамлах болов. Тусгаар тогт, эрх чөлөөний олон тэмцэл, уналт, мандалтыг туулсаар үр дүн нь 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд гарсан юм. Чухамдаа энэ өдөр л Их хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар төрийн хаанд өргөмжилж Засгийн газраа эмхлэн байгуулж, дэлхий дахинаа зарлан тунхаглажээ. Шинэ сэргэсэн Монгол Улсын  цэрэг 1912 оны 2 сард Улиастай, 8 сард Баруун хязгаарын төв Ховдыг манж, хятадын цэргээс чөлөөлж, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их аян дайныг явуулсан юм. Мөн Өвөр монголын 40 орчим хошуу, Хөлөнбуйр, Шинэ хязгаарын монголчууд, Хөх нуур, Дээд Монгол, Алшаа, Алтайн-Урианхай, Тагна-Урианхай, Хөвсгөл нуурын хязгаараас Монгол улсдаа дагаар орох хүсэлтээ ирүүлсэн байдаг. Энэ үйл явдал нь ХХ зууны түүхэн дэх монгол туургатны нэгдэн нийлэх гэсэн том эрмэлзэл байлаа.

Мөнхийн хөршүүдийн нөлөө

Түүхийн шарласан хуудаснаа эрэмгийн дүр, сүр хүчний их омогшлоороо мөнхөрсөн их гүрний үр хойчис нэгдэхийн хаяанд ирсэн тул мөнхийн гэгдэх том хөршүүд 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрээр Монгол Улс автономит эрхтэй хэвээр үлдэж, тусгаар тогтнолын цулбуурыг алдахад хүрсэн билээ.

Их гүрнүүд ашиг сонирхлоо Монголд тулган хүлээлгэхийг шаардан өөрсдийн байр сууриар хандаж байсан тул Хиагтын хэлэлцээр есөн сарын турш үргэлжилсэн байдаг.

Гэрээгээр хязгаарласан эрх

Орос, Хятад хоёр улс хаяа залгасан монголынхоо хувь заяаг Монголчуудыг оролцуулалгүйгээр 1913 онд шийдэв. Улмаар Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрийг Хиагт хотноо хуралдуулж монголчуудын өөрсдийнх нь оролцоотойгоор Монгол Улсын хувь заяаг эцэслэн шийдэхээр болсон юм. Бага хурал 1914 оны есдүгээр сарын 08-наас 1915 оны зургаадугаар сарын 07-ныг хүртэл бүтэн есөн сар үргэлжилж, 41 удаа албан ёсоор, албан бусаар 100 илүү удаа уулзсан байдаг. Гурван улсын Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчдийг Монгол улсаас Дотоод яамны тэргүүн сайд, улсад туслагч  гүн Да лам Дашжав (1914 оны 10 сараас Эрдэнэ жонон бэйс Ширнэндамдин), хаант Орос улсаас Монголын Нийслэл хүрээнд суусан Оросын ерөнхий консул А.Я.Миллер, Дундад улсаас  генерал Би Гуй фан нар тус тус тэргүүлжээ.

Хэлэлцэгч талууд өөрсдийн бодлого, байр сууриа хамгаалан зөрөлдөж, Монголын асуудлыг 9 сар хэлэлцсэний эцэст 22 зүйлтэй гэрээг байгуулж Нэгдүгээр зүйлд: “Гадаад Монголоос Дундад улсын сюзеренитетийг зөвшөөрөн хүлээв. Дундад, Орос хоёр улсаас Дундад улсын газрын нэгэн хэсэг болох Гадаад Монголын автономитыг зөвшөөрөн хүлээв” хэмээн зааж; Дөрөвдүгээр зүйлд. Гадаад Монголын Богд Жавзандамба хутаг хааны цолыг Дундад улсын Их жунтанаас өргөмжлөх, албан бичиг Дундад улсын оны цолыг Монголын 12 жилт цаг улирлын тоотой хавсран хэрэглэхээр болгон; Арваннэгдүгээр зүйлд: Гадаад Монголын хил хязгаарыг Халхын 4 аймаг,Ховдын хязгаарын олон хошуудаар тогтоожээ.

Хязгаарлах боломжгүй эрх

Ийнхүү Хиагтын гэрээгээр Монгол нь Хятадын хэмжээт эрхийн доорхи автономит Гадаад Монгол хэмээгдэх болсон ч оршин тогтнолоо алдсан хэрэг биш юм. Тийм ч учраас  гэрээний талаар Монголын Засгийн газрын Гадаад яамнаас гаргасан бичигт: “... бидний улс хэдий Думдад улсын хэмжээтэй эзэрхэхийг хүлээсэн боловч улс төрийн байдлаа алдсан явдал огт үгүй, Думдад улсаас бидний дотоод засгийн буй бүхий хэрэгт оролцох эрх үгүй” гэж тайлбарлан, тэрхүү байр сууриа аливаад баримталж, Улсын эзэн хааны нэр, оны цолоо хэрэглэсээр байсан билээ. Гэрээний хятад, орос, монгол, франц бичгээр үйлдсэн эх өдгөө Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

Эрхээ баталгаажуулахын өмнө

Хоёр хөршийн илэрхий нөлөөн дор өрнөсөн Хиагтын гурван улсын хэлэлцээрээс зургаан жил гаруй хугацааны дараа Хятад, Орос хоёр үзэл баримтлалынхаа хувьд эрс шөргөөцөлдөх болов. Үүнийг мэдэрсэн Монголын улстөрчид сиймхийг ашиглан бүрэн эрхт улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлахыг хүсэж, үйл хэргээ ч зөвхөн үүнд чиглүүлж байв.
Монгол Улсад ардын засаг тогтсоны дараа буюу 1922 оны тавдугаар сард Шүүх яамны сайд Магсаржав хурц, Ж.Цэвээн, Төгс гүн Бат-Очир нараар ажлын хэсэг байгуулсан ч улс төрийн дотоод тэмцэл, хөрш гүрнүүдийн ашиг сонирхлын нөлөөгөөр илт удаашраад байсан билээ.

Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: "Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг.

Зөвхөн монголдоо бус

Ажлын хэсэгт багтсан ихэс дээдэс маань зөвхөн монголдоо гээд л бичиг цаас нийлүүлээд суусангүй. Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Эрхээ баталгаажуулах тогтоол

Монгол ардын намын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурал 1924 оны зургаадугаар сарын 03-нд хуралдаж Бүгд найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргаж “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.

Хуулиар баталгаажсан эрх

Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотноо Үндсэн хууль батлах Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 08-нд эхэлсэн байдаг. Уг хуралд халхын дөрвөн аймаг, дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн төлөөлөгчөөр сонгогджээ. Үүнээс 77 төлөөлөгч нь албан ёсны хуралд оролцсон байна.

Улсын анхдугаар Их Хурал хоёр сар гаруй үргэлжилсний эцэст 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм. Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.

Азидаа манлайлсан хууль

Өнгөрсөн XX зууны дэлхийн улс төрийн дэвшилтэт үзэл баримтлалыг ийнхүү Монгол Улс баримтлахаар болсон нь олон зүйлээр түүхэнд үлдэх шалтгаан болсон юм. Үүний хамгийн том, үр хойчдоо ярьж байх ёстой зүйл гэвэл Бүгд найрамдах засаглалд шилжин орсон Ази тивийн хамгийн анхны улс нь Монгол Улс билээ.

“Эцэг” хуулийн шүншиг

Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.

Улсын нэр Монгол

Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Урссан цусны үнэ цэн

Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад ... эдлүүлж”, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ. 

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он