
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Орхон аймаг дахь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллалаа.
1980 онд байгуулагдсанаас хойш Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн сум, суурин газарт цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 92,000 гаруй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгааг дээрх компанийн удирдлагууд танилцуулав. Өдгөө 659 ажилтантай үйл ажиллагаа явуулж, 0.4-35 кВ-ын 7368.2 км шугам сүлжээ, өөрийн болон хувийн эзэмшлийн 1831 дэд станц, хуваарилах байгууламжийг ашиглан хэрэглэгчдэд жилд 1,665.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч түгээж байна. Энэ оны эхний таван сард “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас 693.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авахаар төлөвлөснөөс 687 сая кВт.ц-ыг авч, хэрэглэгчдэд түгээжээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 40 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 22 хувьтай үргэлжилж байна. 2026-2028 онд Архангай, Хөвсгөл, Булган аймагт 11.21 тэрбум төгрөгөөр ЦДАШ шинэчлэх, дэд станц барихаар ажиллаж байгаа гэлээ.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Эрчим хүчний яамтай хамтран 2017 онд 16.18 сая ам.долларын дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан дөрвөн аймгийн таван суманд 0.4-10 кВ-ын 707.9 км модон тулгууртай ЦДАШ-ыг СИП утас бүхий төмөр бетон тулгуураар солих, 47,590 ширхэг ухаалаг хэмжих хэрэгсэл, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 35/6 кВ-ын төв хуваарилах станц барьжээ. Энэ сарын 2-ны байдлаар 14.12 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж буйгаа дээрх компанийнхан хэлэв. Тодруулбал, 2018 оноос хойш 8.8 тэрбум төгрөгийн валютын ханшийн алдагдал хүлээжээ. Иймээс уг зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх, үндсэн төлбөрийн эх үүсвэрийг үнэ тарифт суутгуулах саналтай байгаа гэв. Мөн богино хугацаат өр төлбөр нь энэ оны эхэнд 23.1 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн тавдугаар сарын 31-ний байдлаар 33.7 тэрбум төгрөгт хүрснийг дурдлаа.
Тус компани 90,771 тулгууртайгаас 43,629 нь бетон тулгуур, 47,142 нь модон тулгуур юм байна. Цаашид 35 кВ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 183 тэрбум төгрөг, 6, 10, 15 кВ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 133.2 тэрбум, 0.4 кВ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуурт шилжүүлэхэд 59.6 тэрбум төгрөг шаардлагатайг хэлэв. Түүнчлэн 21-ээс дээш жил ашигласан ЦДАШ-уудыг шинэчлэх шаардлага үүсжээ. Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа компанийн алдагдал, тархмал эх үүсвэртэй хэрэглэгчид, хүчдэл уналттай байгаа сумд зэргийн талаар тодруулсан юм гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.