
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1979 онд Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийг баталсан хэдий ч эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл дэлхий даяар өргөн тархсан, ноцтой асуудал хэвээр байна.
Монгол Улс тус конвенцод 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэгдэж, 1981 оны 5 дугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан байдаг.
Дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь л гэр бүлийн хүчирхийллийг хуулиар хориглосон байна. Түүнчлэн дэлхийн 37 улсад “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой гэрлэсэн эсвэл хожим нь гэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг хуулиар олгосон бол 49 улс эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хууль тогтоомжгүй байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд 1981 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг харамсалтайгаар амиа алдсан Доминиканы Бүгд Найрамдах Улсын улс төрийн идэвхтэн Мирабалын эгч дүүсийг хүндэтгэн сонгосон байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 48/104 дүгээр тогтоолоор “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал”-ыг баталсан нь дэлхий даяар эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг устгах үйлсэд чухал үндэс суурь болсон юм.
Улмаар 2000 оны 2 дугаар сарын 07-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 54/134 дүгээр тогтоолыг баталж, жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг албан ёсоор “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр” болгон тунхагласан. Ингэснээр энэ өдөр дэлхийн улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллаж, уг асуудлаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахыг уриалсан байна.
Үндэсний статистикийн хорооны нээлттэй мэдээлэлд дурдсанаар Монгол Улсад 2023 онд гэмт хэргийн улмаас 35,292 хүн хохирсноос 45.3% буюу 16,015 нь, 2024 онд 42,912 хүн хохирсноос 47.2% буюу 20,282 нь, 2025 онд 43,771 хүн хохирсноос 45.7% буюу 20,030 нь эмэгтэйчүүд байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.