
«Унтаж буй гоо бүсгүй», «Ширэнгэн ойн ном» зэрэг хүүхэлдэйн киног бүтээлцсэн зураач Флойд Норман хүндэт Оскарын шагналыг хүртлээ. Америкийн кино урлагийн академи хүүхэлдэйн киноны хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, арваннэгдүгээр сарын 15-нд Холливудад болсон ёслолын үеэр шагналыг гардуулжээ.
Өдгөө 91 настай Норман 1956 онд «Уолт Дисней»-д ажилд орж, тус хүүхэлдэйн киноны студийн анхны хар арьст зураач болжээ. Тэрбээр «Унтаж буй гоо бүсгүй» кинонд дадлагажигчаар ажиллахдаа дүрийн нэг байрлалаас нөгөөд шилжих хөдөлгөөнийг зөөлөн харагдуулах завсрын зургуудыг зурдаг байв.
Норман хожим «101 далматин», «Мулан» зэрэг кинонд ажиллаж, «Ширэнгэн ойн ном»-ыг бүтээхдээ Уолт Диснейтэй шууд хамтран ажиллажээ. Тэрбээр «Пиксар»-ын «Тоглоомын түүх 2», «Мангасуудын корпорац» зэрэг бүтээлд мөн оролцсон байна.
Норман шагналаа гардан авахдаа энэ мөчийг уран бүтээлийн замналынхаа «аз жаргалтай төгсгөл» хэмээн тодорхойлжээ. Тус ёслолоор жүжигчин Гленн Клоуз, найруулагч Ридли Скотт нар мөн хүндэт Оскар хүртсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.