Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 2-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Хуралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний зөвлөлийн дарга Т.Аубакир нээж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад салбар дундын уялдаа, байгууллага бүрийн хариуцлага, төрийн бус байгууллагын бодит оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, сэргээн засах болон төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахыг зөвлөлийн гишүүдэд уриаллаа.
Хуралдаанд Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох яам, төрийн байгууллагын удирдлага, төлөөлөл оролцов. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хэлэлцсэн асуудлуудын хүрээнд санал, байр сууриа илэрхийллээ.
Хуралдаанаар Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, ажиллах журмын шинэчилсэн зохицуулалтыг танилцуулж, Үндэсний зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлыг хэлэлцлээ.
Мөн Үндэсний зөвлөлийн гишүүд зөвлөлийн дэд даргыг томилж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг баталлаа. Тус журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан байгууллага, иргэдийг шалгаруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, урамшуулах юм.
Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүн байгууллагууд хэлэлцсэн асуудал, гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллахыг сайд Т.Аубакир чиглэл болгов.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.