Сэтгэгдэл 0
“THEAUSTRALIA”: “Ял шийтгүүлсэн Малайзын алуурчин Австралид эрх чөлөөтэй амьдарсаар байна

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Малайзын цагдаагийн ажилтан асан Сирул Азхар Умарыг эх оронд нь буцаах асуудлаар Австрали, Малайзын хооронд дипломат хэлэлцээ хийхийг уриалжээ. Сирул нь 2006 онд Монгол Улсын иргэн Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн боловч Малайзаас Австрали руу зугтсан юм. Тэрбээр хамтран ял шийтгүүлсэн цагдаагийн ажилтан Азилах Хадригийн хамт 2009 онд цаазаар авах ял сонссон.
Гэвч 2013 онд давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр суллагдсан бөгөөд 2015 онд дахин ял шийтгүүлжээ. Сирул дахин ял шийтгүүлэхээсээ өмнө Австрали руу оргон зугтсан юм. Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, хариуцлага тооцохын тулд дипломат арга замаар шийдэл олох шаардлагатай гэж үзэж байна. Сирул Австралид очсоныхоо дараа визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр саатуулагдсан байна. Малайз түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполын улаан мэдэгдэл гаргуулсан байжээ.Тэрбээр Сидней хотын Виллавудын цагаачлалын саатуулах төвд найман жил орчим хоригдсон байна. Гэвч 2023 онд Австралийн Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн түүнийг суллажээ.
Нийтлэлд дурдсанаар, суллагдсаныхаа дараа Сирул Австралид ажиллах, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн халамжийн тодорхой дэмжлэг авах боломжтой болсон байна. Түүний одоогийн байгаа газар тодорхойгүй байгаа аж. Сирулыг Малайзад буцаан шилжүүлэн өгөхөд тулгарч буй гол саад нь цаазаар авах ялтай холбоотой Австралийн эрх зүйн зохицуулалт юм. Австралийн хууль тогтоомжийн дагуу тухайн хүнийг шилжүүлэн өгсний дараа цаазаар авах ял гүйцэтгэх эрсдэлтэй бол шилжүүлэн өгөх боломж хязгаарлагддаг.
Монгол Улсын хувьд Австралиас хүний эрх, цаазаар авах ялын талаарх өөрийн зарчмаас татгалзахыг шаардаагүй бөгөөд харин Малайзтай дипломат хэлэлцээ хийж, хариуцлага тооцох хууль ёсны гарц олохыг уриалж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Засгийн газрын тусгай элч Гомбожавын Занданшатар “Al Jazeera” телевизийн 101 East нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийн төлөө Монгол Улс тууштай ажиллана гэдгийг илэрхийлжээ. Тэрбээр Алтантуяаг “бидний нэг” хэмээн онцолж, шударга ёс, үнэнийг тогтоохын төлөө хэчнээн хугацаа шаардагдсан ч хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Занданшатарын байр суурийн гол агуулга нь Австрали улс цаазаар авах ял болон хүний эрхийн талаарх зарчмаасаа ухрах шаардлагагүй боловч ял шийтгүүлсэн этгээдэд ямар ч улс хариуцлага тооцохгүй байлгах нь Алтантуяагийн гэр бүл болон хууль дээдлэх ёсны хувьд шударга шийдэл биш гэсэн санаа юм. Тэрбээр Малайз, Австралийн эрх баригчдыг дипломат харилцааны хүрээнд хууль ёсны шийдэл олохыг уриалжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.