Сэтгэгдэл 0
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх хүүхдийн өдрийн эмчилгээний шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлж, цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ нь иргэдэд ямар боломж олгож байна вэ?
Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100,000 төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.
Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана.
Эцэг эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна.
Хүүхэд гэртээ ойрхон тусламж авах боломжтой болно. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдад: Хүүхэд халуурах, ханиалгах, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө аваарай. Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид долоо хоног бүр өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ, даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг олон нийтэд 7 хоног бүр нээлттэй танилцуулна.
Хүүхэд бүр шаардлагатай тусламжаа гэртээ ойрхон, нэмэлт санхүүгийн дарамтгүй авах нь бидний зорилго юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.