
Халдварт өвчний тандалт, лабораторийн оношилгоог шуурхай болгох зорилгоор 2026 оны 9-р сарын 25-ны өдөр томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэгийг амжилттай зохион байгууллаа.
Туршилтын хүрээнд Баянзүрх дүүргийн "Насан Урт", Чингэлтэй дүүргийн "Шэжиддүг" өрхийн эрүүл мэндийн төвөөс томуугийн тандалтын сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторид дроноор тээвэрлэв.
Туршилтыг ХӨСҮТ, Монголын Смарт Дрон Деливери ХХК, Насан Урт болон Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвүүд, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.
Дроноор сорьц тээвэрлэх нь:
- Замын түгжрэлээс үл хамааран сорьцыг шуурхай хүргэх
- Лабораторийн шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх
- Сорьц тээвэрлэлтийн хугацааг богиносгох
- Хүний нөөц, шатахууны зардлыг хэмнэх
- Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний шуурхай байдлыг сайжруулах боломжтой. Ийнхүү эрүүл мэндийн салбарын сорьц тээвэрлэлтэд дэвшилтэт технологи ашиглах чиглэлээр хийсэн туршилтын нислэг амжилттай хэрэгжлээ.
Цаашид туршилтын үр дүнд үндэслэн дроноор сорьц тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, томуугийн харуулдан тандалтын сорьц тээвэрлэлт болон шаардлагатай бусад эрүүл мэндийн үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлэх боломжийг судална гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.