УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахмад настны эрх, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, асаргаа хамгааллын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Алтан үе-Амьдралын баялаг” арга хэмжээг өнөөдөр /2026.09.28/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Төр засгаас ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг зөвхөн халамжийн нүдээр харах биш, хүний эрхэд суурилсан, бие даасан, нэр төртэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах учиртай хэмээн УИХ-ын гишүүн Д.Энхтуяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон.
Тэрбээр өөрийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар ахмадуудын амьдралын чанарт бодит өөрчлөлт авчрах чухал алхам болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Асрах үйлчилгээний тухай хуультай болсноор ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөрийн чадвараа урт болон богино хугацаанд алдсан иргэд зөвхөн асрамжийн газарт хандах бус, өөрийн гэртээ болон олон нийтийн түвшинд өдрөөр, цагаар, богино хугацаагаар мэргэшсэн асрах үйлчилгээ авах өргөн сонголт бий болно хэмээгээд, асаргааны үйлчилгээг төр, хувийн хэвшил, мэргэжлийн түвшинд зохион байгуулж, санхүүжилтийг нь төрөөс даатгалын болон халамжийн оновчтой тогтолцоогоор дэмжихээр зорьж байгааг дуулгасан юм.
Ахмад настан бүр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлэн, сэтгэл хангалуун, эрүүл энх амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж буйг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тодотгоод, үүний эхлэл болгож 2027 онд ахмадуудад зориулсан нийгмийн идэвх оролцоог хангах, насан туршийн боловсрол, дижитал бичиг үсэг, соёл урлаг, спортын төрөлжсөн хөтөлбөрүүдийг орон нутгийн төвүүдээр дамжуулан системтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээлээ.
Тэрбээр Асрах үйлчилгээний тухай хуулиар чухам юуг өөрчлөхөөр зорьж буй, ахмад настанд ямар ач холбогдолтой, төр ямар үүрэг хүлээх талаар ахмадуудад танилцуулсан юм.
Монгол Улсад асрах үйлчилгээтэй холбоотой зохицуулалт хэд хэдэн хуульд байдаг боловч асрах үйлчилгээний төрөл, чанар, хүний нөөц, санхүүжилт, үйлчилгээ авагчийн эрхийг цогцоор нь зохицуулсан тусгай хууль байхгүйгээс асрах үйлчилгээний хүртээмж, чанар харилцан адилгүй, асаргаа шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг авч чадахгүй байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээг зөвхөн төр хариуцаж, төр өөрөө бүх үйлчилгээг үзүүлэх тогтолцоо өөрчлөгдөж, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх аж.
Өөрөөр хэлбэл, хууль батлагдсанаар хувийн хэвшил асрах үйлчилгээний салбарт албан ёсоор, мэргэжлийн түвшинд ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдэж, ахмад настанд зориулсан асаргаа, сэргээн засах үйлчилгээ, гэрийн асаргаа, өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг төрөөс гадна хувийн хэвшил, төрийн бус байгууллага үзүүлэх боломжтой болох юм.
Ахмад хүн бүрийн хэрэгцээ адилгүй. Зарим нь гэртээ асаргаа авах шаардлагатай байхад, заримд нь сэргээн засах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээ, түр хугацааны асаргаа хэрэгтэй байдаг.
Тиймээс гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгож, үйлчилгээ авагчийн хүсэл, сонголт, хүний эрхийг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хариуцлагыг хангах зарчмыг хуульчилна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тайлбарласан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан ахмадууд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал өндөр настан Ж.Долгор цаг үеэ мэдэрсэн маш чухал хуулийн төсөл түргэн батлагдаасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлээд, асаргаа, сувилгаа шаардлагатай ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, томчууд гээд бүгдэд чухал хууль болно гэж итгэж байна хэмээсэн бол Баянгол дүүргийн 27 дугаар хорооны иргэн Ц.Болдсайхан, Өнөөдөр ганц бие, өвдөж зовсон, байнгын асаргаатай олон ахмад бий. Хууль батлагдсанаар тэдгээр хүмүүсийн амьдралын чанар дээшилнэ гэж бодож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.