Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Гадаад харилцааны сайд Девид Камерон Монгол Улсад айлчлах тухайгаа өөрийн твиттер хуудсаараа зарласан. Тав хоногийн хугацаанд тэрбээр Төв Азийн Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Казахстан болон Монгол Улсад айлчилна. Яг одоо тэрбээр Тажикистан улсад айлчилж, дэлхийд томоохонд тооцогдох даланг түшиглэн усан цахилгаан станц барих төсөлтэй танилцаж байна. Чухам яагаад Девид Камерон сайд Төв Азийн улс орнууд тэр дундаа Монгол Улсад айлчлах болов, учир шалтгааныг хамтдаа зураглая.
ТОМ ЗУРГААР
Яг таван сарын өмнө Их Британийн Гадаад харилцааны байнгын нэгэн тайлан дэлгэж Засгийн газраа барайлгав. Чухам яаж барайлгасан гэвэл Их Британи болон Төв Азийн улс орнуудын гадаад харилцаа хангалтгүй байгааг ил цагаан дэлгэж орхисон юм. Ялангуяа эдгээр орнуудтай өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж муу, гадаад бодлогын хувьд “анхаарал хандуулаагүй” гэж дүгнэсэн билээ. Британийн парламент ингэж дүгнэж байх хооронд БНХАУ-ынх эрх баригчид гадаад харилцааны түүхэндээ анх удаа Төв Азийн улс орнуудтай 5+1 уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Бүр үүнээс хоёр сарын өмнө АНУ-ын засаг захиргаа түүхэндээ анх удаа Төв Азийн 5 улстай уулзаж, мөн л Хятад шиг асуудал ярьсан юм. Тийм ч учраас Их Британийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооноос “геополитикийн зайлшгүй шаардлага үүссэн” тул дээрх улс орнуудад гадаад бодлогоо чиглүүлэхийг Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарт уриалсан билээ.
...Их Британийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооноос “геополитикийн зайлшгүй шаардлага үүссэн” тул дээрх улс орнуудад гадаад бодлогоо чиглүүлэхийг Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарт уриалсан билээ...
Тийм ч учраас тус улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар болсон юм. Их Британийн засаг захиргаа дунд болон урт хугацаанд эдийн засгийн хувьд Оросоос хараат байдлаа бууруулж, Оросын элитүүдийг Британид нэвтрүүлэхгүй байх үүднээс бизнес эрхлэхийг нь хориглох, хөрөнгийг нь царцаах бодлого баримталж буй. Тийм ч учраас Төв Азийн улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж тодорхойлжээ. Их Британийн хувьд Оросын эрх баригчид хориг арга хэмжээнд хамрагдсан улс орнуудаас “бултаж” Төв Азийн улс орнуудаар дамжуулан барууны зах зээлд нэвтрэх вий гэдэг айдас бий. Тийм ч учраас санхүүгийн арга хэмжээ авах, ялтан солилцооны бодлогыг нэвтрүүлэх, гэмт хэрэгтэй хамтран тэмцэх шаардлага үүсээд байна.
Их гүрнүүд яагаад Төв Азийн улс орнууд хараа чилээж байгаа нь Орос-Хятадын хамтарсан мэдэгдэлтэй холбоотой. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны III сарын 20-22-нд ОХУ-д айлчилж хамтарсан мэдэгдэлдээ Төв Азийн улс орнуудад барууны үзэл суртлын нөлөөлөл орохоос сэргийлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, Хятад-Оросын санаачилсан эдийн засаг болон бүс нутгийн интеграцид багтаах тухай тусгасан юм. Оросын хувьд Украинтай дайн самуунтай байгаа, Хятадын хувьд Тайванийг ойрын хугацаанд энхийн замаар буцаан нэгтгэнэ гэдгээ зарласан нь АНУ болон барууны улс орнуудад дохиолсон зүйл болсон.
ЯАГААД МОНГОЛ ГЭЖ...
Их Британи-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тэгш ой өнгөрсөн жил тохиосон. Тэгш ойг угтан засгийн газрын түвшний хэд, хэдэн гишүүн Монгол Улсад айлчилсны дотор Их Британийн Хөнгөн үйлдвэрийн сайд ч багтаж байлаа. Их Британийн засаг захиргаа Монгол Улсад эдийн засгийн тусламж үзүүлээд зогсохгүй соёлын солилцооны хөтөлбөр батлах, оюутны тэтгэлэгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг Британийн хэвлэлүүд онцолжээ. Тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах сонирхол байгаа. Монгол-Их Британийн хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэх тоо бий. Үүний 50 орчим хувь нь уул уурхай, олборлох салбарт ногдож байна. Манай улсын хувьд Их Британид хийж буй экспортын дийлэнх хэсгийг сүлжмэл эдлэл, мал амьтны самнасан үс, хялгас эзэлж байна. Харин Их Британиас мианайд хийж буй импортын дийлэнхийг төмөр замын бэхлэх, холбох метал хийц, эд анги, ликёр, виски, суудлын автомашин эзэлдэг ажээ.
Монгол-Их Британийн хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэх тоо бий. Үүний 50 орчим хувь нь уул уурхай, олборлох салбарт ногдож байна.
Хамгийн сүүлд 2013 онд Их Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хэйг айлчилсан. Үүнээс хойш Гадаад харилцааны сайдын түвшинд айлчлаагүй байна. Тийм ч учраас Их Британийн Гадаад хэргийн сайд энэ удаагийн айлчлалд онц анхаарал хандуулж буй. Төв Азийн улс орнуудад тав хоногийн хугацаатай айлчлахдаа оюутнуудад олгох Chevening тэтгэлэгийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Энэхүү тэтгэлэг нь Британийн их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг дэмжих хөтөлбөр юм. Үүний зэрэгцээ тус улсын засаг захиргаа Төв Азийн хөгжлийн зардалд 50 сая фунт стерлингийн санхүүжилт баталсан бөгөөд англи хэл сурталчлах шинэ схем, тэр дундаа багш нарт зориулсан орон нутгийн сургалтыг нэмэгдүүлнэ гэж мэдээлжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.