Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Тус хууль нь 2007 оноос хойш мөрдөгдөж байгаа бөгөөд хуульд нийт зохицуулалтын 40 орчим хувь буюу 42 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын нөөцийн тогтолцоог эдийн засгийн үр ашиг, шуурхай шийдвэр гаргалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинэчлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эргэлт, хяналт, санхүүжилтийг боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, хадгалалт, эргэлтийг илүү үр ашигтай зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Ингэснээр гамшиг, халдварт өвчин болон хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үүссэний дараа арилгах бус, урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.