
2022 онд Европын Холбооны улсууд гэр бүлийн тэтгэмжид нэг хүнд дунджаар 830 евро зарцуулжээ. Энэ нь 2012 онд зарцуулж байсан 566 евротой харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлт юм.
Европын улс орнуудын дунд эдгээр тэтгэмж хэрхэн ялгаатай байна вэ. Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
“Eurostat”-ын мэдээллээр, 2022 онд Европын Холбооны (ЕХ) улсуудад нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн зардал Болгар улсад 211 евро, Люксембургт 3,789 евро байв. ЕХ-нд элсэхээр нэр дэвшигч болон Европын Чөлөөт Худалдааны Холбооны (EFTA) орнуудыг тооцвол Албани улс нэг хүнд ногдох тэтгэмжийн хэмжээгээр (ердөө 48 евро) хамгийн доод түвшинд байсан бол түүний араас Турк (57 евро), Босни ба Херцеговина (59 евро) улсууд удаалжээ. Гэр бүлийн тэтгэмжийн хувьд Баруун-Хойд болон Өмнөд-Зүүн бүсийн ялгаа ерөнхийдөө нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн хэмжээ Хойд болон Баруун Европын орнуудад хамгийн өндөр, харин Өмнөд болон Зүүн Европын орнуудад хамгийн бага байна. Люксембургийн дараагаар Скандинавын орнууд жагсаалтыг тэргүүлж байна. Норвеги (2,277 евро), Дани (1,878 евро), Исланд (1,874 евро), Швед (1,449 евро), Финланд (1,440 евро). Брайтоны их сургуулийн доктор Анн Дагер “Euronews Business”-т өгсөн ярилцлагадаа "Скандинавын орнууд болон Франц улс гэр бүлийн тэтгэмжид хамгийн их зардал гаргадаг орнуудын тоонд багтсаар байна. Гэхдээ тэдний арга барил нь хүүхэд асрах үйлчилгээ зэрэг биет үйлчилгээнд илүү төвлөрдөг бөгөөд эдгээр нь нэг хүнд ногдох бэлэн мөнгөн тэтгэмжийн үзүүлэлтэд бүрэн тусгагддаггүй" гэжээ. Герман (1,616 евро), Швейцар (1,375 евро), Австри (1,340 евро), Ирланд (1,026 евро) улсууд мөн нэг хүнд 1,000 еврогоос дээш зардал гаргадаг байна. Бельги (976 евро) болон Франц (867 евро) улсууд ЕХ-ны дундаж үзүүлэлтээс дээгүүр байр эзэлж байгаа хэдий ч 1,000 еврогийн босгонд хүрээгүй байна. Нидерланд улс нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжид 670 евро олгосон нь ЕХ-ны дунджаас 160 еврогээр бага үзүүлэлт юм. ЕХ-ны эдийн засгийн "Их дөрөв"-т багтдаг Итали (524 евро) болон Испани (427 евро) улсууд ч мөн энэ дунджаас доогуур түвшинд байв. ЕХ-нд элсэхээр нэр дэвшиж буй орнууд гэр бүлийн тэтгэмжийн хамгийн бага түвшнийг санал болгодог. Албани, Турк, Босни ба Херцеговина улсууд хамгийн доод гурван байрт бичигддэг бол тэдний араас Черногор (131 евро) болон Серби (117 евро) улсууд орж байна. Люблянагийн их сургуулийн профессор Грега Стрбан улс орнуудыг харьцуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэйг онцолж, "Гол асуудал бол улс орон бүр бүх төрлийн тэтгэмжийг ижил аргаар ангилдаг эсэхэд оршино" гэжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гэр бүлийн тэтгэмж хэрхэн өөрчлөгдсөн бэ
Судалгаанд хамрагдсан 32 улсаас ердөө хоёр улсад л нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн хэмжээ еврогийн ханшаар буурсан бол бусад улсад өсөлтийн түвшин харилцан адилгүй байв. Европын Холбооны хэмжээнд уг үзүүлэлтийн дундаж дүн 2012 онд 566 евро байснаа 2022 онд 830 евро болж өссөн байна.
Энэ нь 47 хувийн буюу 264 еврогийн өсөлт юм. Норвеги улсад уг тэтгэмж таван хувиар (буюу 130 еврогоор), Кипр улсад 18 хувиар (буюу 62 еврогоор) тус тус буурчээ. Энэхүү өөрчлөлтийн зарим хэсэг нь валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалсан байж болзошгүй юм. Хувиар илэрхийлбэл, Польш улсад урьд өмнө байгаагүй их буюу 320 хувийн өсөлт ажиглагдсан бол түүний дараа Латви (245%), Румын (227%), Литва (198%) улсууд орсон байна. Мөн Эстони (125%), Серби (115%), Болгар (112%), Исланд (110%), Хорват (110%) улсуудад нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн хэмжээ хоёр дахин буюу түүнээс дээш хувиар нэмэгджээ.
Харин Люксембург, Австри, Финланд, Унгар, Франц, Швед, Дани, Ирланд улсуудад өсөлтийн түвшин 30 хувиас доош байв. Унгар улсаас бусад эдгээр улс нь тэтгэмжийн өндөр түвшинг аль хэдийн олгодог байсан онцлогтой. Еврогийн ханшаар авч үзвэл хамгийн их өсөлт Исланд (980 евро), Люксембург (819 евро), Герман (558 евро) улсуудад бүртгэгдсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.