Сэтгэгдэл 0

Баавгай хүн барьчихвал Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир хариуцах уу. Эхлээд ийм энгийн зүйлээ нэг талд нь шийдье. Цэрэг амиа алдвал цэргийн штаб хариуцдаг. Яг үүн шиг өнөөдөр Дархан цаазтай болоод Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, байгаль хамгаалагчид бүгд Байгаль орчны яамны удирдлага бий. Тэгэхээр баавгай хүн баривал Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, тэр тусмаа сайд Ц.Сандаг-Очир хариуцаж таарна.
Өнөөдөр хөрсөн дээрээ ямар байна гэхээр баавгай үзэгдэж буй сум, орон нутгийн Засаг дарга нар адуучин залуустайгаа очиж, бугуйлдан хүлж, хонго тариа хийх мэтээр тун ч эрсдэлтэй тэмцэж байна. Тэд БОУАӨЯ-наас “Унтуулдаг сумтай буу байхгүй юу” гэж асуусаар нэг сар лав өнгөрлөө. Хариу ч үгүй таг чиг. Саяхнаас “Баавгайтай таарвал 7272-0303 утсаар мэдэгдэх, өөр рүү нь дайрсан тохиолдолд баталгаажуул” гэсэн тохуутай зөвлөмж өгөх болов. Айлын гэр рүү хүртэл баавгай ноцсон тохиолдол гарчихаад байхад шүү дээ.
2026 он гарсаар Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймагт 80 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хамгийн сүүлд өнөө өглөө 05:40 цагийн үед Улаанбаатар хотын Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл гарчээ.
Харин сайд Ц.Сандаг-Очир “Хүн барьсан тохиолдол бүртгэгдээгүй. Анх удаа ийм олноороо үзэгдэж байгаа учраас бидэнд туршлага алга байна. Манай байгаль хамгаалагчдад бол унтуулах тариа, буу байхгүй. Сүүлийн 10 гаруй жил баавгайн тооллого хийгээгүй учир тоо толгой хэтэрхий их боллоо гэж дүгнэж болохгүй” гэсэн байх юм. Түүний яриа өнөөдрийг хүртэл зориулалтын цацлага, унтуулах тариагаа бэлдээгүй байгааг илэрхийлж байна.
Ийм нөхцөлд нэг өглөө “Баавгай хүн барьжээ” гэх мэдээ дуулахад гайхах юм алга. Тэгвэл баавгай хүн барих хүртэл зүгээр л сайдын эрх ямба эдэлж буй Ц.Сандаг-Очирт Засгийн газрын тэргүүн Н.Учрал нь бүр болдоггүй юм бол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нь үг хэлэх цаг болжээ. Ард иргэдийн эрсдэл, аймгийн удирдлагуудын үгийг бол энэ хүн чинь сонсохгүй нь тодорхой боллоо. Ингэж явсаар эмгэнэлт явдал болбол эс үйлдэхүйгээр ажлаа цалгардуулж байгаа сайд чинь “Хүн барьсан тохиолдол бүртгэгдлээ” гэж хэлээд зогсож байх нь байна шүү.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.