Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа, тэр дундаа хавдар судлалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг онцлон тэмдэглэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчний улмаас иргэд БНЭУ зэрэг улс оронд эмчилгээ үйлчилгээ авч байгааг дурдаж, өвчтөн шилжүүлэх албан ёсны тогтолцоо, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлж, эх орондоо оношилж эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор БНЭУ-д эмч, мэргэжилтнүүдийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулах асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж талууд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, илүү үр дүнтэй түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.