Сэтгэгдэл 0

АНУ-ын Батлан хамгаалах яамны Сансрын бодлого хариуцсан нарийн бичгийн даргын туслах Жон Пламб Пентагон Элон Маскын СпейсИкс компанитай хамтран ОХУ-ын эсрэг ажиллахаар болсон гэж мэдээллээ. Гол зорилго нь ОХУ-ын тал Украинд явуулж буй дайны ажиллагаандаа Старлинкийн өндөр хурдны интернетийг зөвшөөрөлгүйгээр ашигласаар байгаа явдалыг таслан зогсоох гэнэ. Оросын зэвсэгт хүчнийхэн Старлинкийн сүлжээг хууль бусаар ашиглаж буй явдалтай Украинийн Засгийн газар, СпейсИкс компанитай хамтран тэмцдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа учраас АНУ-ын төр засгаас хүч нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Старлинкийн сүлжээг хязгаарлах олон янзын арга хэмжээ авдаг ч ОХУ-ын тал элдэв янзын арга саам сэдсээр өнөөг хүрчээ. Пентагон, СпейсИкстэй хамтарснаар Старлинкээс гадна бусад төрлийн интернет сүлжээний хэрэглээг хаах арга хэмжээг авах бололтой. Ж.Пламб талууд эхний ээлжинд тохиромжтой шийдэл олсон гэсэн ч тактик, техник, аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Старлинк ОХУ-ын нутаг дэвсгэрт худалдан борлуулах зар сурталчилгааг Озон зэрэг цахим арилжааны хуудсаар явуулдаг ч Европын хэрэглэгчдийн нэрээр дамжуулан үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэхдээ Старлинкийн сүлжээ Оросын төв нутагт нэвтрээгүй ч Украинтай ойролцоох хилийн бүсүүдэд саадгүй ажилладаг юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.