Сэтгэгдэл 0

Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах сонгон шалгаруулалтад “М Си Эс Интернейшнл” тэргүүтэй хятад компаниудын түншлэл шалгарав. Энэ удаагийн аукцион /өрсөлдөөнт сонгон шалгаруулалт/-д “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК болон “М Си Эс Интернейшнл”, түүний охин компани болох “Нет зеро тек” нарын түншлэл шалгарсан байна. Нийт 10 компани үнийн саналаа өгч, тендерт орох хүсэлтээ илэрхийлсэн ч хоёрыг нь аукционд оруулсан гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлжээ. Яамнаас мөн Оюутолгой эрчим хүчний жилийн хэрэглээний 70 хувь буюу 100 сая ам.долларыг дотооддоо үлдээнэ гэж сурталчилсан.
“Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК Монгол Улсын Говийн бүсийг эрчим хүчээр хангана
Гэтэл эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд төдийгүй уул уурхайн салбарынхан Говийн бүсийг бүхэлд нь Өвөрмонголд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчээр хангах төсөл гэдгийг шүүмжилж байгаа. Улмаар “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК түншлэгч “М Си Эс Интернейшнл”, “Нет зеро тек” нарын эрчим хүчний сүлжээгээр дамжуулан Монгол Улсын Говийн буюу Өмнөговь, Дорноговь аймгуудын хэрэглэгчид, бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг цахилгаанаар хангах суурь тавигдлаа хэмээн шүүмжлэх болсон. Ялангуяа УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара нарын мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд энэ талаар шүгэл үлээж, “М Си Эс” компани Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ХҮН намынхнаар дамжуулан захиалсан тендерээ авах гэж байна. Энэхүү сүлжээ алсдаа Тавантолгой нүүрсний ордыг түшиглэн байгуулах том чадлын цахилгаан станцын төслийг бүр мөсөн зогсоход хүргэнэ хэмээн анхааруулж байсан юм.
Ингээд “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК болон “М Си Эс Интернейшнл”, түүний охин компани болох “Нет зеро тек” нарын шалгарсан Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах сонгон шалгаруулалтыг тойрсон байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Анхнаасаа хятадууд орж ирж ялах нь ойлгомжтой байсан


-Оюутолгой төслийг 99.5 хувийн найдвартай цахилгаанаар хангана гэхээр хятадууд орж ирж ялах нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хэн ч харсан ойлгомжтой байсан. Энэ нь дан ганц Оюутолгойгоор хязгаарлагдахгүй Говийн бүсийн уул уурхайн төслүүдийг хятадаас эрчим хүч импортоор авч хангах суурь тавигдаж байна. Импортын эрчим хүч орж ирснээр Тавантолгойн цахилгаан станцын төслийн ач холбогдол буурч байгаа юм.
Шадар сайд Т.Доржханд: “Оюутолгой” компани сэргээгдэх эрчим хүч сайн гэдэг
-“Оюутолгой” компанийн зүгээс нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд хангах гэхээс илүүтэй сэргээгдэх эрчим хүчээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргавал манай компанийн гадагшаа гаргах нэр хүнд, үнэ цэн эерэг үр дүнд хүрнэ гэдэг.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо: “М Си Эс” Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх төслийг авах гээд хэдэн жил л лобби хийлээ
.jpg)
-Сэргээгдэх эрчим хүчний ямар ч том төсөл хэрэгжүүлээд Оюутолгой компани хятадаас эрчим хүч худалдаж авахаа зогсоохгүй. “Дотооддоо үлдээнэ” гэж буй нь худал. Энэ төслийн “захиалагч” нь тодорхой. “М Си Эс” Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх төслийг авах гээд хэдэн жил л лобби хийлээ. Эцэст нь санасандаа хүрч буй бололтой. Яагаад ингэж улайрч байна вэ. Учир нь маш ашигтай төсөл юм. Жич, Өмнөговь аймагт эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцээгүй. Харин шударга өрсөлдөөнгүй, лобби хийж, улс төрд зүй бусаар нөлөөлж маш зардал ихтэй төсөл “шахаж” буйд эгдүүцэж байна. Хамгийн гол нь манай улсад ашиггүй шийдэл юм. Төрийн шийдвэр гаргах процесс нийтийн эрх ашгийн төлөө биш харин нэг компанийн явуулгаар, бизнесийн явцуу эрх ашигт үйлчилдэг болжээ. “Рио тинто” энэ төслөөр дамжуулж манай улс төрд зүй бусаар нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Ээлжит “авилгаа” өгч буй хэлбэр үү.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: 2030 оноос эхлэн “Оюутолгой”-г Монгол Улс өөрийн эрчим хүчээр хангах ёстой
-Говьд цахилгаан станц шинээр барих гэж байгаа. Ялангуяа 2030 оноос эхлэн “Оюутолгой”-г Монгол Улс өөрийн эрчим хүчээр хангах ёстой. Үүний тулд өнөөдөр сонгон шалгаруулалт зарлаад, станцаа барьж эхлэх ёстой. Тэгэхгүй бол манай улс 100 хувь урд хөршөөс эрчим хүчээр хараат үлдэнэ. Оюутолгой, Говьд 1.7 сая кВт.цаг цахилгаан хэрэгтэй байгаа юм.н Энэ хэрэгцээг яаж хангах нь тендерт оролцож буй инженерийн шийдэл юм. “Оюутолгой” ХХК жилд Хятадаас авдаг цахилгааны төлбөрт 140 сая орчим ам.доллар төлдөг. Энэ мөнгийг бид алдаж байна.
Дашрамд дурдахад, “Нет зеро тек” энэхүү тендерт шалгарч бэлтгэл ажлаа хангаж, 2023 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 102 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 мянган га газрыг эзэмшээд байсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.