
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах V чуулган “ICOT V–2026”-ын хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд зохион байгуулагдаж байгаа. Төгсөлтийн дараах сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй залуу эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Энэ сургалтын онцлог нь зөвхөн лекц, онолоор хязгаарлагдахгүй. Оролцогчид элэг тайрах, нойр булчирхай тайрах болон роботын тусламжтай элэг тайрах мэс заслыг бодит орчинд ажиглан, туршлага хуримтлуулж байна. Ийм сургалт нь залуу эмч нарын ур чадвар, шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.
ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 мэс засал хийж байгаа төдийгүй өнөөдөр роботын тусламжтай 7 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэлээ.

Энэ бол Монголын элэг, цөс, нойр булчирхайн мэс засал дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн урагшилж буйн тод илэрхийлэл юм.
“ICOT V–2026” олон улсын чуулган 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг туршлага, шинэ мэдлэгийг эх орондоо нутагшуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж болж байна.



Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.