Уг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал үзүүлж зүтгүүлж буй хууль боловч Байнгын хороог ч давж чадахгүй гэж таамаглаж байсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль ямар ч байсан УИХ-ын чуулганы ширээнд очлоо. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ хууль батлагдвал улстөрчдөд их халтай нөхцөл үүснэ гэдэг зөн УИХ-ын гишүүдэд байх шиг байна. Нэг талаасаа олон нийтийн анхаарлын төвд орчихсон учраас дэмжихгүй байж чадахгүй, дэмжиж ч болдоггүй ацан шалаанд МАН-ынхан орчихоод байгаа юм. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр МАН-аас сонгогдож гишүүнээр ажиллаж байгаа зарим хүний хэлснээс эш татья. УИХ-ын гишүүн Д.Батлут “Иргэд шүгэл үлээснээр урамшуулал авах гэсэн сэтгэлзүйгээр хандах нөхцөл үүсэх вий. Энэ нь хэлсээр хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ матах нөхцөл байдлыг үүсгэх талтай. Энэ байдлаар явбал 1930-аад оны түүх давтагдах дүр зураг гарах вий. Үүнийг хязгаарлах шалгуурыг хэрхэн тогтоосон бэ”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Төрийн албан хаагч бие биеэ матвал яах уу. Дургүй албан хаагчаа матвал яах вэ. Улстөрийнхөн өрсөлдөгчөө дарамтлах бодлого явуулбал яах вэ”, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хамгийн их шүгэл үлээдэг салбар бол санхүүгийн салбар. Тэгэхээр хувь хүний нууцын асуудал олон улсад ямар байдлаар тавигддаг вэ. Худлаа шүгэл үлээвэл яах вэ. Өөрийнхөө өрсөлдөгчийн эсрэг шүгэл үлээвэл яах вэ. Дараа нь гүтгүүлсэн хүний нэр хүндийг хэрхэн яаж хамгаалах уу гэдэг дээр ХЗДХЯ-ныхан сайн хариулт өгч чадахгүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг “Энэ хуулийг харахад шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл байна. Манай нийгэм их сонин байна. Хүн хэрэгт орвол хэрэгт холбогдлоо гэхэд цагаатгах сэргээх боломж алга боллоо”, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Хуулийг баталснаар Монголын авлигын индекс хэдэн хувиар буурах юм. Илчлэн мэдээлэгчийн хууль гэж нэрлэж болохгүй юу. Шүгэл үлээгч гэхээр матаас гэх агуулга сонсогдоод байна. Магадгүй хувийн өш хонзонгийн сэдлээр тухайн хүний нэр алдар хүндэд халдчихаад дараа нь асуудлаас зугтдаг. Гэтэл гүтгүүлсэн хүний ар гэрийнхэн сэтгэл зүйн хохирол амсаад дуусдаг. Хэтэрхий нэг талыг барьсан хууль болжээ”, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Өнөөдөр энэ байдлаар уг хууль орж ирвэл дэмий байх. Мэдээлэгчдийн системийг хуулиар бий болгоно гэсэн үг үү. Энийг энэ хуулийн зүйл заалтаас хас. Худлаа шүгэл үлээсэн хүмүүсээс болж цаана нь хүн хохирдог асуудлыг гишүүд ярилаа. Үүнийг ярих ёстой” гэх зэргээр хуулиас болгоомжилж байлаа.
Харин АН-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нүүрсний цэгээс Ганцмодны боомт хүртэл 29 км газарт 120 сая төгрөгөөр нүүрсний тээвэр хийж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгойд очих ашгаас хулгайлж байна гэсэн үг юм. Бид нарын 1072 ширхэг хувьцаанаас хулгайлж байгаа юм. Тээврийн зардлаа Хятадын тал руу шилжүүлж байгаад тэндээ хувааж аваад, наашаа цаашаа шилжүүлцгээдэг. Энд Монголын олон дарга нар оролцдог. Нэг шүгэл үлээгч гарч ирээд асуудал тавилаа гэхэд АТГ хэргийг нь дарчихвал яах вэ. Шүгэл үлээгч нь нэр хаягаа бүгдийг нь тавчихаар тэрний дагуу дарамт үүсвэл яах юм. Гэрч хохирогч, шүгэл үлээгчийг хамгаалахын тулд Тахарын албыг байгуулж байсан. Гэтэл гэрч хохирогчоо хамгаалах талаар ямар ч зүйл байхгүй байна”, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нийгэмд болохгүй байгаа асуудлаар Монголчууд нийтээрээ дуугардаг болох ёстой. Хуулийн төслийг оруулж ирэх эсэх нь хүсэл зоригийн асуудал. Энэ Засгийн газар хүсэл зориг гаргасанд талархаж байна. Намайг яачих бол, гэр бүлийг минь хохироочих болов уу гээд үнэнийг хэлэхээс айдаг болсон. Нийгэмд байгаа асуудлаар нийтээрээ хэнээс ч айхгүй дуугардаг болох ёстой”, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Шүгэл үлээгчийн тухай хуулийг дэмжиж байгаа ч зөв зүйлийг буруугаар ашиглах боломжийг бүрдүүлчих вий. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ зөв зүйлийг буруу хэрэглэдэг, хуулийн ард нуугдаж буруугаар ашиглах боломж үүсэхээс яаж сэргийлэх вэ. Сайн хууль, сайн үзэл санааг буруугаар ашиглахаас хамгаалах ёстой” гэх зэргээр дэмжиж байлаа.
Хуулийн төслийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийсэн. Тэрбээр “Дэлхийн 39 оронд шүгэл үлээгчийн хууль байдаг. Олон улсын жишигт нийцүүлэн шүгэл үлээгчийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд, нөхөн төлбөр мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан бөгөөд мөнгөн урамшуулал олгох хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоож, уг асуудлыг хариуцах эрх бүхий байгууллагаас бүрдсэн мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэхийг тодорхой тусгалаа. Мөн шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нэмж тооцохоор нэмж тусгасан болно. Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрх бүхий төрийн байгууллагаас мэдээлэл авах боломж бүрдэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг хянах хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, урамшуулах хамгаалах нэгдсэн тогтолцоотой болно. Ингэснээр төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гэрч хохирогчийг хамгаалах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг дагалдуулан боловсруулсан болно” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байх үеэрээ “Шүгэл үлээгчийг хуульчлах хоёр эрх зүйн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрх зүйн субъектийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, хоёрдугаарт, шүгэл үлээж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалж, дарамт шахалт, мөрдлөгт оруулахгүй байх үүднээс хамгаалах зорилготой. Нэг асуудал байгаа нь 1990-ээд оны өмнөх хуучин нийгмийн “матаасны” тогтолцоог эргэж сэргээнэ гэдэг болгоомжлол байгаа. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплексууд байна. Хуучин нийгмийн үед үндэс угсаа, гарал шашин шүтлэгээ нууж хаасан зүйлийг матдаг тогтолцоо байсан. Бид шинэ Үндсэн хуулиар хүний эрхийн суурь зарчимд нэгдсэн эрх зүйн тогтолцоогоор явж байна. Хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол түүнийг мэдээлэх эрх нь одоо ч бий. Үүнийг бид Шүгэл үлээгчийн хуулиар оруулсан нь нэгдүгээрт, хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах, авлигыг олон нийтийн анхаарал руу чиглүүлэх талаар ярьж байна” гэж байлаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.