Сэтгэгдэл 0
XXI зууны 24 дэх он шувтрах гэж байна. Энэ онд Монгол Улсад олон үйл явдал болж өнгөрсөн. Тэгвэл Монгол Улсыг 2024 онд тодорхойлох 24 тоог та бүхэнд танилцуулъя.
1
Монгол Улсын Засгийн газар Спортын асуудал эрхэлсэн яам байгуулж, төсвийг нь нэмэгдүүлсэн. Гэсэн ч “Парис-2024” зуны олимпын наадмаас манай баг тамирчид ердөө нэг медаль хүртэв. Зуны олимпын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн -48 кг жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан Б.Баасанхүү Улмаар Олимпын наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацүмитай өрсөлдөж ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртсэн юм.
1+3
Монгол Улс паралимпын наадмын түүхэн амжилтаа үзүүлэв. “Парис 2024” зуны паралимпын 17 дугаар наадамд манай улс 12 тамирчинтай оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр нийт тамирчдын 33 хувь нь медальт байранд шалгарсан амжилттайгаар 57 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
5
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад таван намын төлөөлөл бүрдэв. Тодруулбал Монгол ардын нам тойргоос 50, жагсаалтаар 18, Ардчилсан нам тойргоос 26, жагсаалтаар 16, ХҮН нам тойргоор хоёр, жагсаалтаар 6, Үндэсний эвсэл болон Иргэний зориг, ногоон нам жагсаалтаар тус бүр дөрвөн төлөөлөлтэй болов.
10
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь 9 даван түрүүлж Монгол Улсын Дархан аварга болов. Ингэснээр тэрээр Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолонд хүрсэн 10 дахь бөх болсон юм.
14
Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр танилцуулав. Уг төслийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг шаардлагатай. Үүнээс 65 их наядыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр, үлдсэнийг нь хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болсон.
126
Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Энэ онд 126 гишүүнийг сонгох сонгууль, бүсчилж, томсгосон тойргоор анх удаа зохион байгуулагдлаа.
150 МВт
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай эхний блок 10-р сард ашиглалтад орж 12-р сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхлэв. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй.
256,000 + 135,000
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараах эсэхийг 2023 онд хэлэлцэж улмаар 2024 оны гуравдугаар сард иргэдийн дансанд байршуулав. Тухайн иргэнд хуримтлагдсан хувьцааны шатлалаар 256 мянган төгрөгийг олгосон бол 2024 оны төгсгөлд 135,000 мянган төгрөгийг иргэдийн дансанд байршуулсан билээ.
74.2 сая
Монгол Улс он гарснаас хойш эхний 11 сарын байдлаар 74.2 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 24 хувиар өссөн гэсэн үг юм. Ингэснээр Засгийн газрын тогтоосон 78 сая тонн нүүрс экспортлох зорилт биелэхэд тун дөхөөд байна. Монгол Улс 2024 он дөнгөж гарахтай зэрэгцээд нүүрсний экспортын хэмжээг 60 сая тонноос доошгүй хэмжээнд хүргэх зорилт тавьсан ч гүйцэтгэл сайн байсан тул 78 сая тонн болгож зорилтоо нэмээд байсан билээ.
500 тэрбум төгрөг
Нийслэл хот анх удаагаа дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бондын арилжааг 6-р сарын 20-ны өдөр нээж цан цохилоо. Ердөө нэг хоногийн дараа “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захилга дүүрч хаагдав. “Улаанбаатар бонд” нь 36 сар хүртэлх хугацаатай 12-14% хүүтэй бөгөөд 16 хөрөнгө оруулагч захиалга өгчээ.
500$ сая
Монгол Улс, Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг 27 жилийн дараа байгуулав. Францын “Орано Майнинг” компани нь 1997 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж байв. Ийнхүү хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт нь 500 сая ам.доллар байхаар тусгажээ. Энэ нь 1.7 их наяд орчим төгрөг юм.
33.5 их наяд
Анх хэлэлцэхдээ 33.8 их наяд, зарлага нь 35.8 их наяд байсан 2025 төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавив. Мега гэх тодотголтой олон төсөл хэрэгжүүлэхээс гадна, хэд, хэдэн шаардлагагүй төсөл байна гэж баахан “нүдүүлсний” эцэст Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар батлав.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.