Сэтгэгдэл 0
Гадаад: Япон улс гадаадын иргэдэд тавих журмаа чангатгаж, гадаадын иргэд тус улсад "саёнара" гэж хэлэх цаг нь болсон эсэхэд эргэлзэж байна

Дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ дөрөвдүгээрт бичигддэг Япон улсын аюулгүй байдал, дэд бүтцийн таатай нөхцөлөөс шалтгаалан ажил, сургалтын зорилгоор удаан хугацаагаар оршин суурьшигчдын тоо өнгөрсөн жил түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Гэвч Засгийн газраас саяхнаас хэрэгжүүлсэн цагаачлалын хатуу бодлого нь Японыг хоёр дахь гэрээ гэж үзэх болсон хүмүүсийн дунд "Одоо “саёнара” (баяртай) гэж хэлэх цаг нь болсон юм болов уу" гэх асуултыг төрүүлээд байна.
Хүн ам зүйн хямрал гүнзгийрсний улмаас Япон улс гадаадын ажиллах хүчнийг хүлээн авахын зэрэгцээ олон улсын жуулчдыг татах чиглэлд аажмаар нээлттэй бодлого баримтлах болсон билээ. Гэвч ийм оролдлогууд бүрэн амжилтад хүрсэнгүй.
Хэт олон жуулчин ирэх болсон явдал болон гадаадын иргэд дүрэм, журмыг зөрчиж буй тухай мэдээллүүд саяхнаас "Япон улс нэгдүгээрт" гэсэн үзэл баримтлалтай улс төрийн хандлагыг хүчтэй болгож, нээлттэй, олон талт, зочломтгой нийгэм болох чиглэлд явж байсан чиг хандлагыг өөрчиллөө. Өнгөрсөн сард консерватив үзэл баримтлалтай Ерөнхий сайд Санаэ Такаичигээр удирдуулсан Японы Засгийн газар аравдугаар сараас эхлэн визний хураамжийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн нь гадаадын иргэдэд чиглэсэн чанга арга хэмжээнүүдийн цувралын хамгийн сүүлийнх нь болж байна. Шинэ журмын дагуу Японд байнга оршин суугчийн статус авахыг хүссэн хүмүүс урьд өмнөхөөс 20 дахин их буюу 200,000 иений (1,257 ам.доллар) төлбөр төлөх шаардлагатай болох аж.
Хураамжийг огцом нэмэгдүүлж буйн зорилго нь гадаадын иргэд болон Японы иргэд зэрэгцэн оршдог, эмх цэгцтэй нийгмийг бүрдүүлэхэд оршино гэж Хууль зүйн сайд Хироши Хирагучи мэдэгдсэн. Энэхүү алхам нь Япон улсад оршин суугаа зарим гадаадын иргэдийн дунд тус улсад шинээр ирэгсдэд чиглэсэн бодлогыг чангатгах хандлага эхэлж байна уу гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. Аравдугаар сараас эхлэн өргөдөл гаргагчид Японы дундаж өрхийнхөөс өндөр орлогын түвшинтэй байх шаардлагатай. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сараас эхлэн байнгын оршин суух хүсэлтэй хүмүүс 30 жилийн төлбөртэй тэнцэх хэмжээний тэтгэврийн сантай байх шаардлагатай. Тэд мөн дунд түвшний япон хэлтэй байх ёстой. Энэ оны эхээр Засгийн газар гадаадын бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг чангатгаж, бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл байдаг "бизнесийн удирдлагын виз"-ийг авахад шаардагдах хөрөнгийн хэмжээг 5 сая иенээс (31,000 ам.доллар) 30 сая иен (126,000 ам.доллар) болгон нэмэгдүүлсэн байна.
Өнгөрсөн онд Японд оршин суух гадаадын иргэдийн тоо 4.1 саяд хүрч, тус улсын нийт хүн амын 3.4 орчим хувийг эзлэх болсон нь түүхэн дээд үзүүлэлт юм. Японд 930,000 гаруй хятад иргэн амьдарч байгаа нь хамгийн том бүлгийг бүрдүүлж буй бол 70,000 орчим америк иргэн мөн тус улсад оршин сууж байна. Саяхны өөрчлөлтүүд нь зарим гадаадын оршин суугчид орон сууцны үнийг өсгөж эсвэл нийгмийн эрүүл мэндийн даатгалын төлбөрөөс зайлсхийж байгаа тухай мэдээллийн дараа гарсан. Японд хөнгөлөлттэй эмнэлгийн үйлчилгээ авахын тулд оршин суугч бүр сар бүр эсвэл жилийн төлбөр төлөхийг шаарддаг үндэсний эрүүл мэндийн тогтолцоо байдаг. Жуулчдын огцом өсөлт нь зарим нутгийн иргэдийг бухимдуулж, тэдэнд төвөг учруулж, амьжиргааны өртгийг нэмэгдүүлсэн гэж буруутгагдаж байгаа юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.