
Үрэвсэл гэдэг нь гэмтэл, халдварын эсрэг дархлааны тогтолцооноос үзүүлж буй хариу үйлдэл юм. Хэрэв та санамсаргүй зүсэгдэж, тухайн хэсэг улайж хавдвал энэ нь үрэвсэл болж буй хэрэг юм. Учир нь, дархлааны эсүүд нянгийн эсрэг тэмцэж, гэмтсэн эдийг нөхөн сэргээхээр тухайн хэсэг рүү яаран очдог байна. Гэвч үрэвсэл нь өвчний үед бие махбодод үүсэж болохоос гадна таргалалт эсвэл хөгшрөлтийн улмаас бага түвшний үрэвсэл бий болж болох аж. "Ийм төрлийн үрэвслийн нэг шинж тэмдэг нь хүний цусан дахь цитокины түвшин нэмэгдэх явдал юм" гэж Лондонгийн Империал коллежийн Амьд биеийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, "Immune Health: A Myth-Busting Guide" номын зохиогч, профессор Даниел М. Дэвис онцолжээ. Хүний биед 100 гаруй төрлийн цитокин байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь тархинд нөлөөлдөг. "Хэрэв та халуурч байгаа бол энэ нь зөвхөн бие махбодын асуудал биш, харин сэтгэл санаанд ч нөлөөлдөг. Зарим цитокин нь таны сэтгэл санааны байдалд нөлөөлдөг" гэдгийг Дэвис онцолжээ.
Ревматоид артриттай өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар цитокины үйл ажиллагааг саатуулдаг үрэвслийн эсрэг эмүүд нь сэтгэл санааны байдлыг сайжруулж болохыг тогтоожээ. Шинжилгээний үр дүн нь цитокиныг саатуулах нь тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдагтай холбоотой байж болзошгүйг харуулж байна.
Бараг 5000 хүүхдийг хамруулсан судалгаагаар, есөн настайдаа сэтгэл гутралын шинж тэмдэг илрээгүй ч цусан дахь IL-6 цитокины түвшин нь дунджаас дээгүүр байсан хүүхдүүд 18 насандаа сэтгэл гутралд өртөх магадлал өндөр болох нь тогтоогджээ. Насанд хүрэгчдийн дунд хийсэн өөр нэгэн судалгаагаар дархлааны тогтолцоотой холбоотой өвчин үүсэх болон сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгийн онош өмнө нь тавигдаж байсан байдал хоёрын хооронд хамаарал буйг илрүүлсэн байна.
Эрдэмтэд энэхүү мэдлэгт тулгуурлан сэтгэл гутрал, түгшүүр зэрэг эмгэгийг эмчлэх хэмжээний хангалттай мэдээлэлд одоогоор хүрээгүй байна. "Дархлааны тогтолцоо болон сэтгэцийн эрүүл мэнд хоорондоо холбоо хамааралтай болохыг харуулсан олон баримт бий ч, хэн үүнээс ашиг тус хүртэх боломжтойг болон хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахын тулд дархлааны тогтолцооны яг аль хэсэгт аюулгүйгээр нөлөөлж болохыг тодорхойлох хэмжээнд бид энэ асуудлыг бүрэн тайлж амжаагүй байна" гэж Дэвис хэлэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.