Ханиадтай хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, хавдартаа дарлуулсан өвчтөнүүд эмнэлгийн үүдэнд дугаарлаж, азтай нь хүйтэн шал ч болтугай олж хэвтдэг эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар эмч нарын төлөөлөл шүгэл үлээж эхэлжээ.
Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлаг, улсын гэгдэх тэргүүлэх эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалт КОВИД-ын үеэс эхлэн эвдэгджээ. Эмч, сувилагчид гомдлоо эрүүл мэндийн салбарын шинэ сайд С.Чинзоригт хаяглаж илгээсэн ч арга хэмжээ авч өгөлгүй удаж байгаа аж. Сайд сул байна уу эсвэл магадгүй салбарын эмч ажилчдын сайдад хаягласан гомдол, замаасаа газар хэлтсийн дарга нарын гарт ордог бололтой. Тиймээс эмч нарын төлөөлөл Засгийн газарт төрийн албыг авлига, ашиг сонирхлоос цэвэрлэх “Шүүр” ажиллагааг эрүүл мэндийн салбараас, тэр дундаа яамны албан хаагчдаас эхлүүлэхийг хүсэж байгаа аж. Учир нь шатыг доороос нь биш дээрээс шүүрдэх эхэлдэг шүү дээ.
Нийт 114 албан хаагчийн орон тоотой байх ёстой Эрүүл мэндийн яам өнөөдөр 90 гаруй ажилтантай ажиллаж байна. Тэгвэл үүний 30-аад нь С.Энхболд сайдын өөрт олдсон давуу байдлаа ашиглаж, албан тушаалд томилсон хүмүүс гэдгийг эх сурвалжууд гэрчилж буй. Үүнээс гадна Эх нялхсын эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хүрээ амаржих газар, Хүүхдийн төв сувилал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн 5 том эмнэлгийн даргыг сонгон шалгаруулалтгүй томилжээ. Үндсэндээ Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын дөрвөн томилгоо тутмын 1 нь хууль бус байсан гэж дүгнэж болохоор юм.
С.Энхболд ба бизнесийн сүлжээ
Улмаар авлига, албан тушаалын наймаа Эрүүл мэндийн яаманд цэцэглэсэн бөгөөд үүнийг КОВИД-ын хуулиар хаацайлаад өнгөрсөн байдаг. Бүр тодруубал, С.Энхболдын сайд эрүүл мэндийн салбарыг толгойлж байх үед яамны газар, хэлтсийн даргын суудал тодорхой ханш болсон. Эсвэл зөвхөн С.Энхболдын сайд болон түүний эхнэр Бээжинхүүгийн Цолмон нарын хүрээллийн хүмүүс яамны босго давж иржээ.
Үүнээс шалтгаалан яамны хэмжээнд төрийн албаны чадавх суларсан гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулсан. УИХ-ын чуулганаар өнгөрсөн 7 хоногт Төрийн албан зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн яам, БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ тэргүүтэй хэд хэдэн төрийн байгууллагад хууль зөрчсөн халаа сэлгээ газар аваад байгааг тайлагнасан. Эрүүл мэндийн яам нийт 7 газар, 10 хэлтэстэй ч Төрийн албаны хуулийн босго, шаардлагыг давсан дарга ердөө 2-3 хүн байна. Бусад түр орлон гүйцэтгэгч даргатай ажиллах болжээ. Ийнхүү сайд тойрсон хэсэг бүлэг албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлох болсон бөгөөд хэн тендерийн ажил, үйлчилгээ авахыг зөвхөн тэд шийдэх болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд хүртээмжгүй эрүүл мэндийн салбар бизнесийн сүлжээ болж хувирсан байна. Жишээбэл, С.Энхболдын сайд КОВИД-ын үед "1 өрх 1 шинжилгээ" аяныг санаачилж, ямар ч үр дүнгүй 18 тэрбум төгрөг үрэн таран хийсэн байдаг.
Одоогоос хэдхэн сарын өмнөөс эрүүл мэндийн салбарыг сайд С.Энхболд удирддаг уу, эсвэл түүний эхнэр Б.Цолмон нь удирддаг уу гэдэг шүүмжлэл эмч, мэргэжилтнүүдийн газар авах болсон. Тэгвэл эрүүл мэндийн салбарыг, тэр дундаа Эрүүл мэндийн яам, харьяа агентлагууд дэд сайдын эхнэр Б.Цолмон нөлөөллийн хүрээлэлд байдгыг эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл Б.Цолмон гэж хэн бэ?
Дэд сайд С.Энхболд эхнэрийнхээ талаар хэвлэл өгсөн ярилцлагадаа "Манай эхнэр эрүүл мэндийн салбарын хүн. Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр мэргэжил эзэмшсэн, эмч хүн. Яамны ажилд оролцдоггүй. Намайг сайдын ажилд авахад тэр хүн ажлаасаа халагдсан. ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын хэлтэс хариуцсан даргаар ажилладаг байсан. Төрийн захиргааны меррит журмаар ажилласаар байж ЭМЯ-нд очиж ажиллаж байсан. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд намайг намайг томилогдоход ажлаас халагдсан хүн байна. Одоо гэртээ үр хүүхэддээ хичээл номонд нь анхаараад л байж байна” гэжээ. Гэтэл түүнээс хойш С.Энхболд сайдын эхнэр Б.Цолмон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслөөс сар бүр 4,000,000 (дөрвөн сая төгрөг)- ийн цалин авч байсан баримт ил болов.
Б.Цолмон энэ хугацаанд Эрүүл мэндийн яамны зэргэлдээх шилэн барилгад өндөр өртгөөр оффис түрээсэлж суух болсон бөгөөд С.Энхболдыг яам толгойлж байхад ямар албан бичигт гарын үзэг зурахыг хуваарилж өгдөг байсан талаар яамны албан хаагчид өнөөдөр ч хуучилдаг. Энэ талаар гэрчилсэн эмч нарын яриа бий. Ийнхүү С.Энхболд сайдын эхнэр Б.Цолмонгийн нөлөөллөөр Эрүүл мэндийн яамыг эм, эмнэлгийн хэрэгслийн наймаачид, хувийн эмнэлгүүдийн эзэд удирдаж эхэлсэн. Тэд Эрүүл мэндийн яамны газрын даргын суудлыг тодорхой ханштай болгосон байна. Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн хэд хэдэн дарга тус бүр нь 1 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц, хаусанд орцгоосныг хуулийн байгууллага шалгах ёстой. Ингэж сайд С.Энхболд болон түүний гэр бүлийн хүрээллийнхэн эрүүл мэндийн салбарыг өрмийг хүртэж байхад ард иргэд хусмыг нь хүртэж чадахгүй өвчин зовлондоо шаналж байгаа. Үүнд хэн ч хариуцлага тооцдоггүй нь сайд С.Энхболдын зааварлагч эхнэр Б.Цолмон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ерөнхий боловсролын сургуулийн нэг ангил хамт сурч байсантай холбоотой гэсэн хардлага ч бий. Тэд өнөөдөр ч гэр бүлийн найзууд бөгөөд Б.Цолмон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх (Эрүүл мэндийн сайд асан) Т.Мөнхсайхан нар нэг анги зэрэг хамааралтай юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.