УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржийн ээлжит нийтлэлийг хүргэж байна.
Байгалийн баялаг болох нүүрс нь Монгол улсын эдийн засагт хамгийн их валют оруулж байгаа стратегийн чухал бүтээгдэхүүн. Нүүрсийг эрчим хүч, металлурги, хими, газрын тос, байгалийн хий үйлдвэрлэл болон барилгын салбарт ашигладаг. Одоогоор дэлхийн эрчим хүчний хэрэглээний 29 хүртэлх хувийг хангадаг бөгөөд ган хайлуулах, кокс, будаг, лак, хуванцар, фенол, нафталин, бордоо үйлдвэрлэх чухал түүхий эд юм.
Сүүлийн үед “нүүрсний хулгай” гэх асуудал хурцаар тавигдаж олны анхааралд орсон. ЖДҮ сангийн зээлийг хуваан хүртэхээс эхлэлтэй Хөгжлийн банкны», «Төсвийн», «Эрдэнэтийн», «Нүүрсний», «Төмөр замын», «Тээврийн», «Боловсролын сангийн», «Тариалан эрхлэлтийн сангийн»… гэх зэргээр тоочвол багагүй урт жагсаалт болох дуулиант хэргүүд шил шилээ даран илэрч байна. Сөрөг хүчингүй шахам мөртөө хэвлэл мэдээллийн бүх сувгуудыг «хууль бус» мөнгөөрөө угжсан эрх баригчид гэмт үйлдэл хийхдээ хэнээс ч, юунаас ч айхаа больсон нь энэ цагийн гашуун дүр төрх болж байна.
Монгол улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлигал, хулгай, луйвар. “Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэргийг хэдхэн улс төрчдөд тохож орхиод цэг тавьчих асуудал огт биш. Зарим нэгэн “ноцтой” асуудлууд бүдгэрч бодит нөхцөл байдлыг тэс өөрөөр нийгэмд тайлбарлаж байгаа олон асуудал “үнэн”-д гүйцтэж, бодитоор үнэлж дүгнэх цаг ирэх нь зайлшгүй.
Нэг. Анхны “шүгэл үлээгч” нь ОУВС
Статистик тоо баримт бол олон ойлгомжгүй асуудлыг илчилж өгдөг чухал өгөгдөхүүн билээ. Өнгөрсөн оны 10 сарын дүнгээр нүүрсний борлуулалтаас 5 гаруй тэрбум ам.долларын борлуулалт хийсэн мэдээ Үндэсний статистикийн хороо гаргасан. Гэвч 2022 оны 9 сард манай улсын гадаад валютын нөөц 4 тэрбумаас 2.6 тэрбум болтол буурч, валютын олдоц эрс багасаж, бүтэн жилийн хугацаанд ам.долларын ханш 20 хувиар чангарлаа. Гэтэл 2019 оны нүүрсний нийт борлуулалт 3 тэрбум ам.доллар байхад ханш хэвийн байсан төдийгүй валютын нөөц 4 тэрбумд дөхөж байв. Тэгэхээр өнгөрсөн жилийн 9 сар хүртэл манай зах зээлд их хэмжээний валют орж ирсэн нь үнэн үү гэдэг асуудал сөхөгдөж таарна.
Үүнд ОУВС анх хариу өгсөн байдаг. 2022 оны 9 сард ОУВС-ын гаргасан тайланд “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан тул Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэж анхны албан ёсны “шүгэл” үлээсэн юм. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудын нүүрсний борлуулалтын хэмжээтэй дүйхүйц хэмжээний валют манай зах зээлд орж ирээгүй учраас гадаад валютын ханш өсөж,
өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний үнэ “тэнгэрт” хадсан учир шалтгааныг цүл пал хийтэл нь шууд хэлчихсэн хэрэг. Иймээс эрх баригчид хүссэн ч эс хүссэн ч “нүүрсний хулгай”-н асуудлыг сөхөхөөс өөр арга байсангүй. Гадаад валютын ханшийн савлагаа, бүтэн жилийн өндөр инфляцад нэрвэгдэж олон компаниуд хаалгаа барьж, иргэдийн амьдрал хүндэрсэн үед асар их хэмжээний мөнгөн дүнтэй ноцтой асуудлыг хав дараад өнгөрөх боломж үнэндээ байсангүй.
Хоёр. Хэн ямар зорилгоор асар их мөнгөн дүнтэй турхиралт хийв
Эхлээд 460 их наяд төгрөгийн нүүрс хулгайлагдсан талаар нийгмийн сүлжээнд сэвэгдсэн. Энэ нь Монгол улсын иргэн бүрд 130 сая төгрөг оногдох нүсэр тоо. Тиймээс Ковидын хөл хорионд ажилгүй, орлогогүй болсон олон хүний уур бухимдал дээд цэгтээ хүрч, тэднийг дүн өвлөөр Төв талбайд гартал “шөвөгдсөн” юм. 2012 оноос хойш Монгол улс 282 сая тн нүүрс экспортод гаргаж, борлуулалт нь 25 тэрбум ам.доллар хүрчээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ханшаар үржүүлээд үзсэн ч нийт 87 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийсэн тул хэдэн зуун их наядаар хэмжигдэх хэмжээний хулгай гараагүй(Хүснэгт 1) гэдэг нь тодорхой.
ЭКСПОРТЫН НҮҮРСНИЙ ТОО ХЭМЖЭЭ БОЛОН ҮНИЙН ДҮН, жилээр
Хүснэгт 1.
Хэмжих нэгж: тэрб.ам.доллар
Статистик үзүүлэлт | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 |
Тоо хэмжээ (сая.т) | 20,9 | 18,4 | 19,5 | 14,5 | 25,8 | 33,4 | 36,3 | 36,6 | 28,6 | 16,1 | 31,8 |
Үнийн дүн (тэрб.$) | 1,9 | 1,1 | 0.8 | 0.55 | 0.97 | 2,3 | 2,8 | 3,1 | 2,1 | 2,8 | 6,5 |
Эх сурвалж: ҮСХороо
Төрийн өмчит Эрдэнэс тавантолгой ХК-ны хувьд аваад үзвэл, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86.0 сая тн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалт (Хүснэгт 2) хийжээ.
Эрдэнэс тавантолгой ХК-ны экспортын тоо хэмжээ, борлуулалтын үнийн дүн
Хүснэгт 2.
Эх сурвалж: Сангийн Яам
Иргэд талбайд гарч жагссан өдрүүдэд Засгийн газар ч зэрэгцэн хулгайн эздийг тодруулах аянд мордож, Сангийн сайд, зарим нэг гишүүд дээрх тоог 40 их наяд төгрөг болгож 10 дахин буулгаж мэдэгдэл хийлээ. АТГ, ЦЕГ хамтарсан томоохон хэмжээний ажлын хэсэг байгуулагдаж энэхүү хэрэгт “ханцуй шамлан” орсон. Олон арван мянган жолооч, хил гаалийн олон зуун төрийн албан хаагчдыг шалгах ажил ундрав. Төд удалгүй “акул”-ууд барьснаа нийтэд зарлалаа. Тэд бүгд УИХ-ын гишүүд аж. Харамсалтай нь, хуулийн байгууллагын тодруулж нийтэд зарласан“мафи”-ийн 5 эзэн ердөө 2 сарын дотор тэс өөрчлөгдөв. Энэ удаа гэмт хэрэгт холбогдсон гэх гишүүдээ зарлахдаа «Гуя дагаж хүзүү» гэгчээр сөрөг хүчнийхээ аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшигчийн нэрийг оруулж иржээ. Энэ бүхэн хууль хүчний байгууллагын гаргаж буй аливаа шийдвэр нь хөнгөн хуумгай, бүр нарийн яривал эрх баригчдын дохио зангааны дор улс төржиж байгааг батлан харууллаа.
Гурав. Хулгай хэзээ гарсан байж болох вэ
Дэлхийн нүүрсний зах зээл дээрх үнэ нь фьючерс гэрээ болон спот гүйлгээг ашиглаж байна. Сүүлийн арван жилд нүүрсний худалдаа зөвхөн богино хугацааны болон яаралтай гэрээгээр биш цахим худалдааны платформ дээр суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг өргөнөөр ашигладаг болжээ. Үүнд нүүрс борлуулагч болон худалдан авагчид, банк санхүүгийн трэйдерүүд оролцдог.
Ер нь 2015-2016 онд нэг тонн нь 30 ам.долларт хэлбэлзэж байсан нүүрснээс хулгай хийж хувьдаа илүүчлэх юм гарахгүй болов уу. Харин 2017 оноос хойш үнэ нь өсөж 2020-2022 онуудад 400 ам.доллар давсан үед нүүрсний үнээс ахиухан унац унах “хаалга” нээгдсэн байж таарна. Хэрэв санаж байвал чухам энэ үеийн нүүрсний наймаатай холбоотойгоор Хятадын талд томоохон хэмжээний баривчилгаа явагдаж, Хятадын хил гаалийн болон бусад иргэд шийтгэгдсэн тухай хэвлэлийн хэрэгслүүдээр гарч байсныг санаарай. Тэдгээр хүмүүс манайхны оролцоогүй хулгай хийж чадахгүй гэдгийг энд тайлбарлах шаардлагагүй биз. Монгол Улсын хувьд 2015 онд 550 сая ам.долларын нүүрсний экспорт хийжээ. Харин энэ дүн 2022 онд 6.5 тэрбум ам.доллар буюу 13 дахин нэмэгджээ. Гэтэл валют нь хомсдож ханш нь өссөн талаар би дээр дурдсан. Эдгээр тоонуудад анализ хийвэл «нүүрсний» хулгайн унац ямар хугацаанд өндөр байсныг таах шаардлагагүй болно.
Сүүлийн 10 жилийн дэлхийн зах зээлийн нүүрсний үнэ
Эх сурвалж: https://www.investing.com/
Дөрөв. “Нүүрсний хулгай” гэж ямар зүйл яриад байна вэ
- Бүртгэлгүй нүүрстэй машинууд хилээр гарсан асуудал. Хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Монгол улсын хил хамгаалах газар, Тагнуул, Гааль, Мэргэжлийн хяналт, Тээврийн байцаагч гэх бие биеэсээ хамааралгүй төрийн байгууллагууд үгсэн нэгдэж мафийн зохион байгуулалтад орсон тохиолдолд ийм хулгай гарна.
- Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудал. Энд С зөвшөөрлийн тусламжтай 1 тн нүүрсийг 300-400 ам.доллароор зөөж нүүрсний үнийн өсөлтийг үгүй болгож улсад асар их хохирол учруулсан асуудал яригддаг. С зөвшөөрөл гээч нь мөн л төртэй холбогдож таарна.
- Тооцоо судалгаагүй оффтэйк гэрээтэй холбоотой асуудал. Засгийн газар төрийн голлох шийдвэр гаргагчид холбогдоно! Монгол улсын зах зээлд ханш тогтвортой байхад зэсийн баяжмал, нүүрснээс орж ирэх валютын урсгал чухал нөлөө үзүүлдэг. Учир нь экспортоос олдог 10 ам.доллар бүрийн бараг 7-8 нь энэ хоёр бүтээгдэхүүнээс ордог. Гэтэл нэг дор 10 орчим оффтэйк гэрээ хийснээр нүүрснээс орох валют Монгол улсын зах зээл дээр сох дутаж ханш суларч, ам.доллар эрс багасаж үнэ өсжээ!
- Хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүд санхүүжүүлэх байдлаар ядарсан эдийн засагтаа дарамт авчирч өрийн хямралыг улам хөөрөгджээ.
Эндээс дүгнэж үзвэл, “Нүүрсний хулгай” нь шийдвэр гаргагч эрх мэдэл бүхий төрийн байгууллагын оролцсон асуудал болох нь хэнд ч илэрхий байна. Монгол улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлигал, хулгай, луйвар юм. “Нүүрсний хулгай”-тай тэмцэх нэрээр хувийн аж ахуй нэгжүүдээ элдэвлэж байгааг гадаадын хөрөнгө оруулагчид тийм ч сайхнаар хүлээж авна гэж үү. Эцсийн дүндээ, төрийн оролцоотой ийм хулгайн золиос нь хувийн аж ахуй нэгж болох учиргүй. Бүхэл бүтэн тогтолцооны энэ гажуудлыг засаж байж улс орны хөгжлийн тухай ярих ёстой. Ийм нухацтай өөрчлөлт хийгээгүй цагт “нүүрсний хулгай” гэгч нь нүүрээ хувирган гарсаар байх болно. Харин үүнийг өнөөгийн эрх баригчид хийж чадахгүй гэдэг нь нийгэм шуугиулсан хэргийг хэрхэн шийдэж буй хандлагаас маш тодорхой харагдаж байна.
Үргэлжлэл бий.
2023 оны 3 сарын 29
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.