-2021, 2022 оны ХНХЯ-ны дотоод хяналт шалгалтууд хийгдсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй явсаар ирлээ-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар М.Даваабат 2016 оны есдүгээр сарын 12-ны өдөр томилогдсоноос хойш оноор тоолбол долоон жил өнгөрчээ. Баянхонгорын гарвалтай болохоор УИХ-ын дарга Г.Занданшатар зүтгүүлсэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ойрын хүн гэж яригддаг. Тэгвэл энэ дарга ажил авсан цагаасаа мэргэжил шаардсан ажилтай салбарынхнаа ойлгож биш айлгаж удирдсаар ирсэн тухай цөөнгүй хүн хэлж байна. Ажилчдынхаа нэмэгдэл урамшууллыг мэдэгдэхүйц бууруулж, төрийн албан хаагчдын амьдралын чанарыг доройтуулсан тухай яриа их. Хамгийн гол нь хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төрийн байгууллагыг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж буй талаарх мэдээлэл нь анхаарал татаж байгаа юм.
Тус төвийн зарим үндсэн чиг үүргийг хувийн компаниуд гүйцэтгэдэг болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлт аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирдэг байна. Харин удирдлагууд нь тус мэдээллийг өөрсдийн ашиг сонирхол бүхий компаниудад дамжуулж тэднээрээ хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэдэг гэнэ. Энэ байдал даамжирсаар улсын байгууллага ажилгүй болоод зогсохгүй, татан буугдах нөхцөлд ч хүрч болзошгүй талаар салбарынхан нь санаа зовох болжээ. Сонирхолтой нь, төрийн байгууллагын мэдээллийг “дотроос нь авч”, ажлыг нь булааж буй гэгдэх “Мөнх чандмань хүрд” компани (захирал Цэрэнчимэдийн Мөнхсайхан) гэхэд 2020 оны есдүгээр сарын 03-нд байгуулагдсан. Тус компани Улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээллээр бол худалдааны зуучлал, аялал жуулчлал, барилгын засвар хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. Гэтэл хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгээд явж байна.
“Мөнх чандмань хүрд” компанийн далд эзэн нь тус төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын даргаар ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан Г.Нямдэжид, түүнийг орлон гүйцэтгэгч Ц.Янжинлхам нар гэх хүмүүс бий. М.Даваабат ажлаа авсан даруйдаа буюу 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр Г.Нямдэжидийг газрын даргаар томилсон. Харин Г.Нямдэжид нь газрын даргаар томилогдохдоо жилийн 19.8 сая төгрөгийн орлоготой хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол 2020 онд 26.7 сая төгрөг болж, гэр бүлийнх нь орлого 40.2 саяас 94.9 сая төгрөг болж өссөн байдаг.
Бас л сонирхолтой.
Ажлын байрны үнэлгээ хийхийн тулд Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлийн гэрчилгээ авах шаардлагатай байдаг. Энэхүү гэрчилгээг Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд “Мөнх чандмань хүрд” ХХК-д 2022 оны хоёрдугаар сарын 01-нд олгосон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Учир нь С.Соронзонболд “Сос медика Монголиа” ХХК-ийн эмнэлгийн эмнэлзүйн лабораторид ML18 дугаартай MNS ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгосон, мөн “Сос медика Монголиа”-гийнхан харилцагчдаа хуурч, өөр лабораторид “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэчихээд өөрсдөө хийсэн мэтээр “Гэрэгэ систем”-д хариуг оруулсан гэх асуудалд хутгалдаж дуулиан тарьж байсан удаатай.
Түүнчлэн 2009 оны наймдугаар сарын 21-нд байгуулагдсан, гадаад худалдаа, барилгын засвар хийхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон “SBSN” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Гүнчин нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн газрын дарга Г.Нямдэжидийн төрсөн дүү аж. Тэрбээр 2016 оны наймдугаар сарын 05-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь Г.Нямдэжидийн ХАБЭМТ-д ажиллаж байсан хугацаатай яг цав таараад байгаа нь хачирхалтай. Тэр тусмаа “SBSN” компанийн үйл ажиллагааны чиглэл нь тэс ондоо боловч гэнэт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хэмжилтийн багаж хэрэгсэлтэй болж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд түрээсэлж эхэлсэн нь сонин.
Тэгвэл М.Даваабат даргын баталж, тамгаа дарж, гарын үсгээ зурсан ажил гүйцэтгэх гэрээний мөнгө “SBSN” компанийн данс руу шилжиж байжээ. Жишээлбэл, 2019 онд “Петростар” ХХК 369,000 төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-иас 1,440,000 төгрөг, 2021 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас багажны түрээс 5,642,700 төгрөг гэх мэт. Г.Гүнчингийн эхнэр Ц.Ариунзаяа нь тус төвийн сургалт хариуцсан мэргэжилтнээр 2017 оны тавдугаар сард томилогдон ажиллаж “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан”-гаас ХАБЭА-н сургалт, сурталчилгаанд зориулж төсөвлөсөн хөрөнгийг яг хэзээ, ямар сургалт хийсэн нь тодорхойгүйгээр М.Даваабаттай үгсэн хуйвалдаж хувьдаа авдаг тухай мэдээлэл ч бий.
Харамсалтай нь, энэ зөвхөн олдож буй баримт, мэдээллийн хүрээнд бичиж буй. Зах зухаас нь сөхөхөд ийм байхад өнгөрсөн долоон жилийн хугацаанд ямар хэмжээнд хүртлээ гаарсан нь таахад бэрх. Тийм ч болохоор бид цааш нь үргэлжлүүлэн холбогдох мэдээ мэдээллийг эрэн сурвалжлах болно. Хамгийн гол нь, иймэрхүү нөхцөл байдлаар төрийн байгууллагыг сульдааж, хувийн эрх ашигт нийцүүлсэн байж болзошгүй үйлдлүүд удаа дараа гаргаж буй нь юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2021, 2022 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дотоод хяналт шалгалт, санхүүгийн удаа дараагийн хяналт шалгалтууд хийгдсэн хэдий ч яамны зүгээс тодорхой арга хэмжээ авч чадахгүй, чимээ алдан асуудлыг нуун дарагдуулсаар байгаа аж. Энэ дарга аа, давруулсаар байх уу ХНХ-ын Т.Аюурсайхан сайд аа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.