Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нөөцийг тогтмол хадгалахад анхаарч ажиллаж байгааг яриандаа дурдсан юм.
Тэрбээр “Бид ОХУ-аас шатахууны импортын 95 хувийн хамааралтай. Тус улсын дотоод зах зээлд эрэлт үүсэхэд манай улсад тодорхой хэмжээний хомсдол үүсэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сард дизель түлш, мөн зургаа, долоо, найм, есдүгээр сард автобензиний эрэлт хэрэгцээ тухайн улсад нэмэгдэж хомсдол бий болдог. Үүнийг дагаад манай улсад шатахууны нийлүүлэлт буурдаг.
Ямартай ч эхний зургаан сарын байдлаар шатахууны доголдол үүсэхгүй. Цаашид шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд хомсдол үүсэхгүй байх арга хэмжээнүүдийг төлөвлөнө. Гэхдээ урьд нь мөн адил төлөвлөдөг байсан ч дроны халдлага зэрэг хэрэглээнээс өөр хүчин зүйл нөлөөлсөн учраас шатахууны нийлүүлэлтэд засаж болохооргүй эрсдэлийг авчирсан” гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.