ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат төрийн өмчийг хувийнх мэт ашиглаж, шамшигдуулж байна
-М.Даваабат нь "Hyundai Starex" машиныг акт үйлдэж, холбогдох байгууллагад мэдэгдэж, өмчөөс хасалгүйгээр Гачууртад байрлах хувийн малчин гэх айлд ашиглуулдаг-
ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв гэж 56 жилийн түүхтэй мэргэжлийн байгууллага бий. Уг байгууллага улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлдэг. Мөн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг юм.
Тэгвэл сүүлийн жилүүдэд (2017 оноос хойш) мэргэжлийн үндсэн үйл ажиллагаанууд алдагдаж, үйлчилгээ авч байгаа аж ахуйн нэгж байгууллага (ААНБ)-ууд, маш олон иргэдэд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаргүй хүргэж хохирол учруулж байгаа гомдол мэдээлэл тасрахаа болив. Эдгээр ноцтой алдаа дутагдлууд нь тус төвийн дарга М.Даваабат, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Янжинлхам, тус газрын даргаар ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан Г.Нямдэжид нарын хуйвалдаанаас үүссэн гэдгийг ажилчид нь нотолж эхэллээ.
Тухайлбал:
- М.Даваабат нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн улсын хөрөнгийг хувьдаа өмчлөн авдаг (тус төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын газрын барилгыг буулгахад гарсан эд хогшил, төмөр хашаа, үйл ажиллагаанд ашигладаг Hyundai Starex машиныг акт үйлдэж, холбогдох байгууллагад мэдэгдэж, өмчөөс хасалгүйгээр Гачууртад байрлах хувийн малчин гэх айлд ашиглуулдаг).
- 2021, 2022 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дотоод хяналт шалгалт, санхүүгийн удаа дараагийн хяналт шалгалтууд явагдсан хэдий ч яамны зүгээс тодорхой арга хэмжээ авч байгаагүй.
- М.Даваабат нь байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд анхаарал хандуулахгүйгээс болж төвийн удирдлага зохион байгуулалт алдагдаж эхэлсэн. Мөн ажлын зүй ёсны шаардлага тавьсан албан хаагчдыг шахаж, хавчин дарамтлаж, ёс зүйн зөрчил гаргадаг.
- Г.Нямдэжид нь 2016 оны 10 дугаар сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын даргаар томилогдсоноосоо хойш М.Даваабат даргатай үгсэн хуйвалдаж төвийн үйл ажиллагаанд хүрэлцээгүй багаж хэрэгслийг түрээслэхдээ өөрийн хамаарал бүхий SBSN ХХК (Эс Би Эс Эн ХХК)-ийн дансанд багажны түрээсийн төлбөрийг шилжүүлэн авдаг. SBSN ХХК-ийн захирлаар Г.Нямдэжидийн төрсөн дүү Ганболд овогтой Гүнчин нь 2016 оны 08 дугаар сарын 05-аас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр бүртгэгдсэн боловч гэнэт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хэмжилтийн багаж хэрэгсэлтэй болж төвд түрээслэж эхэлсэн байдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь SBSN ХХК-тай хамтран ажиллах, багаж түрээслэх гэрээ хийгдэж байгаагүй бөгөөд тоосны сорьц цуглуулах памп AirCheck 52 маркын 2 ширхэг багаж, агаарын урсгал хэмжигч халуун утаст анемометр 1 ширхэг багажийг түрээслэсэн гэх боловч хүлээж авсан, хүлээлгэн өгсөн акт байдаггүй.
Мөн тоосны 2ш багаж нь ажиллагаагүй байсан бөгөөд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хэмжилтэд ашиглаж байгаагүй ч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний гэрээнд тусган багаж түрээслэх нэрээр аж ахуйн нэгжээс мөнгө шилжүүлэн авдаг (Хавсралт 1).
- М. Даваабат, Г.Нямдэжид, Ц.Янжинлхам нар нь “Мөнх чандмань хүрд” ХХК-тай ашиг сонирхлын холбоотой ажилладаг. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн 5 үйлдэлт багаж 2 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг нийт 8.480.000 төгрөгний үнэ бүхий багаж нийлүүлэх байснаас 1 ширхэг 5 үйлдэлт багаж хүлээн авсан ба хүлээлгэн өгсөн акт үйлдэгдээгүй байна.
Дээрх үйлдлийн талаар албан хаагчид ХНХЯаманд гомдол гаргасны дагуу 2022 оны 10 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалтын баг томилогдон ирж хэмжилтийн багаж хэрэгслийн бүртгэлд хяналт шалгалт хийхэд, тус газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Янжинлхам нь “Мөнх чандмань хүрд” ХХК-иас хүлээж аваагүй байсан 1 ширхэг 5 үйлдэлт багажны оронд 4 үйлдэлт 1 ширхэг багаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар (ХАБЭАГ)-аас алга болсон байсан 1 ширхэг гэрэлтүүлгийн багажийг авчирч шалгалтын багт бүртгүүлсэн байдаг (Хавсралт 2).
- Г.Нямдэжид, Ц.Янжинлхам нар нь 2016 оноос хойш хувийн компаниараа дамжуулан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхдээ ХАБЭАГ-ын хэмжилтийн багаж, хэрэгслийг нэр бүхий мэргэжилтнүүдтэй хамтран нууцаар авч ашигладаг байсан.
ХАБЭАГ-ын тоосны хэмжилтийн XR5000 багаж 1ш, гэрэлтүүлгийн 1ш багажийг Ц.Янжинлхам, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэлтсийн дарга асан А.Адъяасүрэн нар нь “Мөнх чандмань хүрд” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байгаад гэрэлтүүлгийн багажийг яамны шалгалтын үеэр Ц.Янжинлхам авчирсан бөгөөд тоосны хэмжилтийн багаж (XR5000 багаж)-ийг одоо хүртэл авчраагүй байна.
- 2020 оноос хойш дээрх үйл ажиллагаа лавшран М.Даваабат, Ц.Янжинлхам, А.Адъяасүрэн нар нь ХАБЭАГ-т хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт ирүүлсэн ААНБ-ын хүсэлтийг нуун дарагдуулж, ААНБ-д хариу өгөхдөө төв ачаалалтай байгаа, 100 орчим байгууллагын дараа үнэлгээ хийгдэнэ гэж тайлбарлаж, өөр байгууллагад хандах талаар зөвлөдөг.
Улмаар ААНБ-ын байгууллагуудруу “Мөнх чандмань хүрд” ХХК-иас хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээ хийлгүүлнэ үү гэх утга бүхий албан бичиг илгээж, улсын байгууллагын мэдээллийг алдагдуулж, ААНБ-уудад санхүүгийн болон цаг хугацааны, хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагын тусламж үйлчилгээ авах боломжийг хаасан (Хавсралт 3).
- Г.Нямдэжид нь холбогдох хүний нөөцийн хууль дүрмийг зөрчин тус төвийн ХАБЭАГ-т хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Чинзаяаг өөрийн хамаарал бүхий “Мөнх чандмань хүрд” ХХК-ийн чанарын менежерээр авч ажиллуулсан байдаг.
- Ц.Янжинлхам нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн архивт байдаг ХАБЭАГ-ын архивын материалууд (2008 оноос хойших бүх хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний гэрээ)-ыг ном бичих нэрээр бичиг хэргийн ажилтан М.Хоролсүрэнгээс авч одоог хүртэл өгөөгүй бөгөөд ХАБЭАГ-т байдаг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний гэрээнүүд алга болсон нь дээрх зөрчлүүдийг нуун дарагдуулах, засах оролдлого хийж байна гэж хардаж байна.
- Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020:2013 стандартын итгэмжлэлийг хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэлтэс нь 2020 оны 09 дүгээр сард 2 жилийн хугацаатайгаар авсан ба 2022 оны 09 есдүгээр сард хугацаа дууссан боловч сунгах ажлыг санаатайгаар хойшлуулан “Итгэмжлэлийн бэлгэ тэмдэг, таних тэмдэг, тэмдэг ба гэрчилгээг хэрэглэх журам”-ыг зөрчин, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж, ААНБ-уудыг хууран мэхлэж байна.
- “Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 23-нд 59 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх гэрээ хийгдсэн боловч 2022 оны 09 дүгээр сард тус гэрээнд засвар хийж 91 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхээр болж, ашиг сонирхлын үүднээс засвар оруулсан гэж харж байна. Жич: Засагдсан гэрээ одоог хүртэл олдохгүй байгаа.
- Мөн нэр бүхий этгээдүүд нь сургалт, сурталчилгаа нэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас их хэмжээний хөрөнгийг хяналтгүйгээр зарцуулдаг байх магадлалтай.
Дээрх зөрчлүүдийг залруулах талаар захиргаа, удирдлага болон төвийн даргад мэдэгдэхэд Г.Нямдэжид нь мэргэжилтнүүд рүү утсаар залгаж хэл амаар доромжлон, заналхийлсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.