-Автомашин онхолдуулбал ажилгүй, агаарын хөлөг осолдуулбал албан тушаал дэвшинэ-
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулан үйл ажиллагаа явуулж буй билээ. Үүний хүрээнд агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглосон “Airbus EC-145 T-1” загварын гурав, нисгэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангаар, шатахуун цэнэглэх станц нийлүүлж, 12 нисгэгч, мөн тооны механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч нарыг сургаж бэлтгэсэн. Францын уг төслийн хөрөнгөөр байгуулсан эл ангийн нисдэг тэргүүдийг Сангийн яамныхан “Хуучин онгоц гэхэд их өндөр үнэтэй байна” гэж байсан аж. Нисэхийн мэргэжлийн хүмүүс ч бас “онцгой байдлын байгууллагын авсан агаарын хөлгүүдийн насжилт хуучирсан” хэмээн шүүмжлэх юм билээ. Өдгөө ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийнхан “Airbus EC-145 T-1” загварын хоёр нисдэг тэргээ хүлээн авч ашиглаж буй бөгөөд гурав дахийг нь тун удахгүй оруулж ирэхээр болжээ.
Францын төслийн хөрөнгөөр эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах гурван онгоцноос гадна ОБЕГ-т нисгэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг өгсөн. Тэгвэл сургалтын бага оврын нисдэг тэрэг нь осолдож, сүүлний сэнсээ тогтоож байдаг балк нь гэмтсэнийг ОБЕГ-ынхан, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийнхан ихэд нууцалж буй аж. Нисэхийн салбарын хэд хэдэн хүн уг нисдэг тэргээ гэмтээсэн, өөрсдөө засаж байгаа хэмээн ангаартаа оруулсан байсан гэдгийг баталсан юм. Чухам хэдийд ийнхүү осолдуулж гэмтээснийг ИНЕГ-ынхан ч мэдэхгүй сууж байгаа юм билээ. “Аврах ажиллагаанд явж байгаад “Фургон” машинаа онхолдуулсан нэгнийг ажлаас нь чөлөөлдөг. Гэтэл асар үнэтэй сургалтын нисдэг тэргээ осолдуулчихаад нуун дарагдуулсан хүн хариуцлага хүлээх нь байтугай удахгүй дэвших гэнэ.
Хурандаа Т.Мөнхдоржийн хувьд нягтлан бодогч мэргэжилтэй нэгэн. Чингэлтэй дүүргийн ТҮК-д ажиллаж байгаад дэвшин хошууч генерал Т.Бадралыг ОБЕГ-ын дарга байх үед Санхүүгийн албаны даргаар томилогдож байж. БНХАУ-д сууж буй Элчин сайд, хошууч генерал Т.Бадралыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан гэх хэрэгт АТГ-ынхан шалгаж, тухайн үед ОБЕГ-ын дэд дарга асан, өдгөө тус газрыг удирдаж буй хошууч генерал Г.Ариунбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татаад байсан билээ. Энэ хэрэг гарах үед Т.Мөнхдорж ОБЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, “Орем трейд”-ээс ОБЕГ-т өндөр үнээр машин шахах үед хариуцсан хэлтсийн дарга нь байж. Тус компанийг тендерт шалгаруулсны дараа Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэлийн хамтаар тэр үеийн ХСИС-ийн Удирдлагын сургуульд явуулсан байдаг.
Тэгвэл одоо хурандаа Т.Мөнхдорж ОБЕГ-ын дэд дарга юм уу, эсвэл Тамгын газрын дарга гэх албан тушаалд томилогдох магадлалтай гэнэ. Үүнийг Монголыг төлөөлөн суугаа Элчин сайд Т.Бадралын дэмжлэг байгаа ч гэсэн яриа гарах болов. БНХАУ-ын дарга Си Зиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж чадаагүй, Гадаад хэргийн яамных нь Ёслолын газрын захирал Хун Лэйд 2020 оны аравдугаар сарын 19-нд итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулсныг эс тооцвол өмнөд хөршийн тал хошууч генерал Т.Бадралыг Элчин сайд гэж хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Гэвч тэрбээр Бээжингээс хуучин ажиллаж байсан агентлагийнхандаа нөлөөлж, ойрын хүмүүсээ албан тушаалд томилуулж байгаа бололтой.
Шадар сайдын бяр хүрэхгүй байна уу
ОБЕГ-т дээрх хурандаа Т.Мөнхдоржоос гадна өөр албан тушаалуудад ойрын хугацаанд томилгоо хийх бололтой. Тодруулбал, тус газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн дарга Ц.Уранчимэгт хурандаа цол хүртээхийн зэрэгцээ ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Урьдчилан сэргийлэх газрын даргаар томилох гэж буй аж. Ц.Уранчимэгийн хувьд нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, өдгөө Улаанбаатар хотын Гаалийн газрын даргын албан тушаал хашиж буй Б.Отгонсүхийн эхнэр юм байна.
Мөн ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн даргаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болж, 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд ажлаасаа чөлөөлөгдсөн, хурандаа С.Бямбасүрэнг онцгой байдлын байгууллагад буцаан авч дээрх 113 дугаар ангийн даргын албан тушаалд томилох гэж байгаа гэнэ. Сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүн буцаж төрийн албанд ажилд орохоор бол хууль журмын дагуу шалгалт өгөх ёстой ч хурандаа С.Бямбасүрэнд хууль үйлчилдэггүй бололтой. Яагаад оны сүүлчээр энэ томилгоонуудыг хийхээр яаравчилж байна вэ гэхээр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт энэ сарын 31-нд дуусна. Арванхоёрдугаар сарын 29 бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр тохиож бүх нийтээр амардаг. Арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагт хүмүүс төдийлөн идэвхтэй ажиллахгүй, шинэ жилийн уур амьсгал орчих тул хүмүүс анхаарахгүй. Тиймээс дээрх хуулийн хэрэгжилт дуусахаас өмнө ямар нэг шалгалт, шалгуургүйгээр хүмүүсийг албан тушаалд томилохоор ОБЕГ-ын өнөөгийн удирдлага яаравчилж байна.
ОБЕГ бол Шадар сайдын шууд удирдлагад байдаг байгууллага. Тийм учраас Шадар сайд С.Амарсайхан энэ байгууллагын дарга нарын хийж буй томилгоог анхааралдаа авах учиртай баймаар. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дунд сургуулийн ангийн найз, хошууч генерал Г.Ариунбуян, цэргийн сургуулийн ангийн нөхөр бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, олон хоногоор архи ууж, удаа дараа ажил тасалдаг ОБЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг (Ерөнхийлөгчтэй цэргийн сургуулийн нэг ангийн нөхөр, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярын хамаатан гэх) зэрэг хүмүүст хариуцлага тооцож хүчирдэггүй бололтой. Уг нь хуулиа дээдэлдэг оронд бол ОБЕГ-ыг одоо удирдаж буй хошууч генерал Г.Ариунбуян, тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нар удирдах албан тушаалд томилогдох эрхгүй хүмүүс. Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45.4-т “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно” гэж заасан байдаг. Гэтэл Г.Ариунбуян нь одоогоос 10 жилийн өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч гэх албан тушаал хашиж байсан нь намтарт нь бичээстэй бий. Тэгэхээр онцгой байдлын албанд 15 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх шалгуурыг хангахгүй гэсэн үг.
Удаа дараа алба хаагчдаа зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хөл хориотой байхад Өмнөговь руу Дэмчогийн хийд рүү зугаалсан, мөн хөл хорионы үед Сэлэнгийн Түнхэл рүү алтны уурхайнхныг зорчуулах зөвшөөрөл олгож, нөгөөдүүл нь тэнд “Ковид-19”-ийн халдвар тараасан дуулианд холбогдож байсан ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ч бас дээрх хуулийн заалтыг хангахгүй нэгэн. Түүний намтраас үзэхэд 2005-2007 онд “Эм эм пи” гэх компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны наймдугаар сард эл албан тушаалд томилогдохдоо хуулийн дээрх шалгуурыг хангаагүй байсан гэж үзэж болох нь. Төрийн албаны тухай хуулийн 37.1.3-т “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг хориглодог. Гэтэл Ж.Чүлтэмсүрэн алба хаагчийнхаа биед халдсан тохиолдол дахиад гаргасан гэх яриа нийлэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ынхны дунд дахин гарчээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард НОБГ-ын шинэ барилгын ажлын явцтай танилцаж байхдаа нэг алба хаагчаа шанаадсан ч тэгсхийгээд нам дарсан гэлцэж буй. Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн НОБГ-ын даргаар ажиллаж байхдаа нэг алба хаагчаа өшиглөн улмаар шүдийг нь цөм цохиж байсныг хэвлэлүүд тухайн үед бичиж байсан. Тэр алба хаагчийн ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах гэтэл “Албаныхаа нэр хүндийг бод, эмчилгээний зардал өгье” гэх мэтээр арга саам хийсээр дарсан гэдэг.
Үргэлжлэл бий.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.